Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга асан, бэлтгэл хурандаа Н.Уламбаярт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлжээ.
НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй аж. Түүний гэм буруутай, эсэхийг дэнслэх хурал ирэх сард болно гэдгийг эх сурвалжууд хэллээ.
НОБГ-ын дарга асан, бэлтгэл хурандаа Н.Уламбаяр уг албан тушаалыг хашиж байхдаа 2016 онд ой, хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашиныг нийслэлийн төсвийн 340 сая төгрөгийн хөрөнгөөр худалдан авах тендерт хамаарал бүхий аж ахуйн нэгжээ шалгаруулж албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдоод буй юм байна. Тухайн тендерт нь Я.Эрдэнэбилэг захиралтай “Тэнгэрийн давалгаа” гэх компани шалгарч, БНСУ-аас “Hanseo precision industry” компанид үйлдвэрлэсэн, уулын түймэр унтраах зориулалттай хоёр автомашин нийлүүлэх болжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Уламбаяр нь өөрийнхөө үүсгэн байгуулсан тус компанийн захирлаар найзыгаа томилж, тендерт шалгаруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэнэ. Цэргийн тэтгэвэртээ гарсан Н.Уламбаяр өдгөө гадаад худалдаа, галын машин механизм, тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэрийн давалгаа” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
hudlaa yum zohioj bichijee bolioochee
Үнэн2