Хуйсагнасан хүйтэн салхи, цасан шуургатай өдөр. Хөнөгийн амаад өвс үүрээд алхаж яваа залуусыг хараад нэг талаар бахархах, нөгөө талаар харамсах сэтгэл төрнө. Идэх хоолгүйгээс өлдөж үхэх аюулд ороод байгаа зэрлэг амьтдад өвс тэжээл дөхүүлж байгаа учраас мэдээж бахархам сайхан ажил. Нөгөө талаар хүн гэгч байгалиас авч болох бүгдийг хуу хамж, цагийн амьсгалыг орвонгоор эргүүлж орхисон нь өдгөө ийм байдалд хүргэсэн гэж бодохоор харамсах ч багадана. Ийн бахархах, харамсах сэтгэл зэрэг сүлж явсан ч гэлээ ямартаа ч энэ өдөр байгалиас авах биш буцааж өгөх өдөр байсан юм.
Хүнс тэжээл хайж хангайд ирсэн зээрийн сүргийг хооллов
Д.Дүгэрдорж - Наадах чинь намайг үсдсээр байгаад халзан болгосон юм.
Ц.Төмөрхуяг - Би тэгээд муу халзан Монхорыгоо яагаад халзалчихав даа гэж харамссаар байгаад үс цайчихсан юм.
хэмээн биенээрээ тоглоом хийх энэ хоёр хүн бол Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суман дахь хамгийн ахмад бөгөөд хамгийн олон жил ажилласан, туршлагатай байгаль хамгаалагчид. Өдгөө тэд тус сумын баруун, зүүн захын газар нутгийг хариуцан ажилладаг. Энэ өдөр тэд уулзсаны учир нь “Ан амьтдаа хамгаалья” аяны хүрээнд хандивын өвс тэжээлийг Төвхөн хийд орчмын ан амьтдад хүргэхээр ирсэнтэй холбоотой. Тодруулбал, өнгөрсөн жил зуншлага муу байсан учраас бэлчээрийн мал төдийгүй хээрийн зэрлэг амьтад өлдөж үхэхэд хүрээд байгаа учраас Бат-Өлзий сумын ЕБС-ийн 2003 оны төгсөлтийн залуус нэгдэн хандивын аян зарлаж, сумын иргэдтэй нэгдэн шаардлагатай өвс тэжээлийг газар дээр нь хүргэх ажлыг эхлүүлээд байгаа юм. Уг нь Төвхөн хийд орчмын тусгай хамгаалалттай газрыг Ц.Төмөрхуяг ах хариуцдаг ч энэхүү аянд нэгдэхээр Дүгэрдорж ах сумын баруун захаас зорин иржээ.
Бат-Өлзий сумын газар нутгийн 80 гаруй хувь нь тусгай хамгаалалттай бүст хамаардаг бөгөөд буга, гөрөөс, зэрлэг гахай гэх мэт мянга гаруй тооны зэрлэг амьтан энд нутагладаг. Харин энэ жил хээр талын зээрийн сүрэг хангай нутагт ирсэн нь хаа сайгүй идэш тэжээл ховордсоныг харуулна. Төвхөн орчимд 80 гаруй тооны зээр байгааг Ц.Төмөрхуяг ах дуулгасан бөгөөд тэдний бэлчдэг хэсгээр өвсөө тараах болов. Айлын мал хунартай ойр идээшдэг учраас тавьсан өвсөн дээрээ зээрээ сүргийг оруулах гэж манай багийнхан хэрэндээ хичээв. Тэр дунд хамгийн их сандарч тэвдэж байгаа нь байгаль хамгаалагч Ц.Төмөрхуяг ах. Дурангаа бариад нэг цаашаа нэг наашаа гүйх нь яг “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Боролдой. “Чи хэдэн зээрийнхээ барааг нь хараад хөлс нь цувж байгаа юм чинь дэргэд нь очвол ухаан алдаж унах нь ээ” хэмээн байгаль хамгаалагч Д.Дүгэрдорж ах өнөө л “явуулдагаараа явуулна”. Бүрий болтол уул хэдэрлэж явсны эцэст зээрээ яг тавьсан өвсөн дээрээ оруулснаар бидний ажил амжилттай дуусав. Оройжин Дүгэрдорж ахад “амаа асуулгасан” Төмөрхуяг ах “Зээрийн мөрөөр зөв орж, халзан Монхорыг нэг давлаа” хэмээн хариугаа барив.
Зээрийн бэлчээр намдаа учраас өвс тараах бидний ажил харьцангуй хялбар байсан бол уулын эхэн дэх амьтдын бэлчээрт хүрнэ гэдэг чамгүй бэрх. Эгц өгсүүр рүү өвс үүрээд алхана гэсэн үг. Амьтдын шинэхэн мөр, өтгөнөөр нь үндэслэж өвсөө хаана тараахаа шийднэ. Энэ удаагийн өвс тараах ажилд хоёр ахмад байгаль хамгаалагчаас гадна Орхоны хөндийн БЦГ-ын Бат-Өлзий суман дахь хэсгийн ахлагч Х.Чулуунбат, байгаль хамгаалагч Ш.Баасансүрэн, М.Бат-Үүл нар хамт явсан бөгөөд тэд ууланд таарах мөр бүрийг андахгүй. Энэ шилүүсийн мөр, тэр хүдрийн мөр, ийм шинж тэмдгээр нь тэгж танина гээд эмч нар рентегний зураг тайлж уншиж байгаа мэт амьтдын мөрийг нарийн “уншина”. “Энэ унасан мөчрүүдийг харж байна уу. Буга эврээрээ унагаад модны энэ хагийг түүж идсэн байна. Мөчирний хугарсан үзүүр цайвар хэвээр байхыг бодоход саяхан явж өнгөрч. Модны хаг идсэнийг бодоход хоол ховор л байгаа юм байна даа” хэмээн Дүгэрдорж ах ярив.
Энэхүү өвс тараах ажлыг албан ёсны хэллэгээр биотехникийн арга хэмжээ авах гэж хэлдэг бөгөөд байгаль хамгаалагчдын хувьд өдийд хийдэг хуваарьт ажлынх нь нэг. Ингэхдээ тухайн өвс тавьсан газраа камер байршуулж, нэг талаар зорилтот ан амьтаддаа хүрсэн эсэхийг баримтжуулж, нөгөө талаар амьтдынхаа бүртгэлийг явуулдаг байна. Тус аяны хүрээнд өмнө нь Хөнөг болон Бөхийн шард өвс тараасан бөгөөд Бөхийн шар руу явсан багийнхан бугатай таарч, дурандаа буулгасан бол Хөнөгт тавьсан камерын бичлэг шалгахад одоохондоо амьтан ирээгүй, өвс ч тэр хэвээрээ байна хэмээн тухайн хэсгийг хариуцдаг байгаль хамгаалагч М.Мөнхдалай хэлнэ лээ.
Д.Дүгэрдорж: Ажлаа хийж яваад хүнд зодуулах л хэцүү байдаг юм
Төвхөны арын өндөрлөгт өвсөө тараан байршуулсны дараа БЦГ-ын Орхоны эх хариуцсан байгаль хамгаалагч Д.Дүгэрдоржтой түр хөөрөлдсөн юм. Түүнийг нутгийнхнаас нэрээр нь сурвал танихгүй, харин Монхор гэвэл андахгүй. Тэрээр анх социализмын үед идэвхитэн байгаль хамгаалагчаас эхлээд өнөөг хүртэл 30-аад жил тасралтгүй ажиллаж буй, энэ сумын хамгийн ахмад байгаль хамгаалагч.
-Таныг анх байгаль хамгаалагчаар ажиллаж байхад нөхцөл байдал ямар байв?
-Ардчилал гараад удаагүй байсан цаг шүү дээ. Дэлгүүрт барааны савангаас өөр юмгүй болсон цаг. Тэгэхэд зэрлэг ан амьтан хүнийг хоолтой нь залгуулж байсан ачтай амьтан шүү. Манай улс их гүрэн байх үеэс монголчуудыг зэрлэг ан амьтад гурван удаа аварсан гэдэг юм. Тарвага Монголыг өлсгөлөнгөөс нэг аварсан. Үхэр нь мялзан, хонь нь цэцэг өвчнөөр олон мянгаараа үхэж байсан гэдэг. Хуучин цагт зуд гэдэг чинь айхтар болдог байсан байгаа юм. Одоогийн зуд чинь зуд биш байхгүй юу. Намайг бага байхад дөрөөн тамгаар татсан цастай байдаг байсан. Одоо өвс нь ургахаа байчихаар дөрвөн хуруу цасыг зуд гээд сөхөрч ойчоод байгаа юм. Ингэж хур бага орохоор хуурайшилт болох нь аргагүй. Энэ бүхэн байгаль орчинтойгоо буруу харьцсанаас болж байна. Анх манай суманд хорих анги байгуулагдаад хамгийн түрүүнд мод руугаа орсон. Тэр нь овоо нүүтэл, нэгдэл дундын үйлдвэр гэж байгуулагдаж, бас л мод руугаа дайрсан. Хамгийн сүүлд нэгдэл бий болж бас л модтой ширүүн үзсэн. Хаа очиж тухайн үед технологийнх нь дагуу мод тайрдаг байсан юм билээ. Тэгж нам тайрсан мод чинь өвсөндөө өмхрөөд эргээд хөрсөө сийрэгжүүлдэг юм билээ. Хууль бусаар тайрсан мод андашгүй. Жигд биш тайрдаг учраас ой дутуу ургасан сахал шиг болчихдог.
-Та анхнаасаа сумын баруун захыг хариуцдаг байв уу?
-Одоо би Архангайн Цэнхэр, Баянхонгорын Эрдэнэцогт, Өвөрхангайн Уянгатай хиллэдэг газруудыг хариуцдаг. Анх Эрдэнэцогттой хиллэдэг Тонгорогийн нурууг хариуцсан байгаль хамгаалагчаар ажиллаж эхэлсэн. Тэгэхэд тэр даваагаар өдөрт 25 машин хууль бусаар мод ачиж давдаг байлаа шүү дээ. “Наадахаа л зогсоочих юм бол чи баатар” гэж тухайн үеийн маань удирдлагууд хэлдэг байсан.
-Тэгээд та яасан?
-Зогсоосон л доо.
-Яаж зогсоов?
-Эр хүний 13 мэхийг хийсэн (инээв). Хууль дүрэм сайн танилцуулсан. “Та нарын үр хүүхдийг өнчрүүлж, шоронд хатаахгүйн тулд би гуйж байна” гээд хормойноос нь зүүгдэх шахуу юм болж байж зогсоож байсан. Ер нь хүнийг хэрэгт оруулахгүйн тулд хуулиа л сайн таниулах нь чухал байдаг.
-Ер нь байгаль хамгаалагчаар ажиллах үед хамгийн хэцүү зүйл юу байдаг вэ?
-Хүнд зодуулах л хэцүү байдаг юм. Дараа нь гомдол нэхэх гэхээр гэрч байхгүй. Байгаль хамгаалагчийн ажил чинь хээр болдог юм чинь.
-Ажлын нөхцөл ер нь хэцүү юм шиг байгаа юм.
-Гэхдээ яахав, би чинь нутаг орондоо байгаа болохоор ажлынхаа хажуугаар малаа маллаад амьдарчихна. Хөдөө мал маллангаа байгаль орчноо хамгаалдаг гэхээр цалинтай малчин гэж загнуулж байсан удаатай. Ширээний ард суугаад байвал бүр юу ч мэдэхгүй шүү дээ. Бид хариуцсан газраараа байнга явж судалдгаа хийдэг. Орчны ажиглалтын дэвтэр гэж бий. Түүнийгээ тогтмол хөтлөөд явдаг.
-Энэ аяны хүрээнд байгаль хамгаалагч нартай хоёр ч удаа хамт явахад амаргүй ажил юм аа гэдгийг нь ойлгосон.
-Үр хүүхэддээ энэ байгалиа доройтуулчихалгүй хүлээлгээд өгчих юмсан гэж бодох юм. “Миний аав байгаль хамгаалагч л байсан гэдэг, юуг нь хамгаалж байсан юм бол гэж хэлүүлэхгүй байх юмсан гэж боддог.
-Одоо гол бэршхээлтэй зүйл юу байна вэ?
-Тоочоод байвал тоогүй олон зовлон бий. Наад зах нь унаа унш. Нэг мотоцикл өгсөн. Гэвч бензин их иднэ. Сэлбэг нь олддоггүй. Гэрчтэй явья гэхээр хүн сундалж явж болдоггүй. Байгаль хамгаалагчид анагаахын анхны мэдэгдэхүүнтэй байвал хэрэгтэй юм уу гэж боддог. Нэг амьтан үхлээ гэхэд юү юүгүй Онцгой байдал дуудахаас илүү өвчнөөр үхэв үү, гаднын нөлөөтэй үхэв үү гэдгийг нь мэддэг байвал зүгээр юм.
-Энэ сумын хувьд зэрлэг амьтад хэр багасч байна вэ?
-Бугын тоо толгой бол өссөн. Чоно бараг устах тал руугаа орж байна. Тарвага бас багассан. Бусад амьтад уулын ам амаараа харилцан адилгүй байна.
Энэ жил Бат-Өлзий суманд самар их ургасан учраас хүмүүс намаржин, өвөлжин түүж, уулын эхээд улам ахисаар байсан нь буга намдаа буух бас нэг шалтгаан болсон болов уу гэж байгаль хамгаалагчид хэлж байсан. “Одоо самар 7000-тай байна гэсэн. Өдөрт гурван шуудайг бол түүчихээд буугаад ирж байна гэнэ лээ” гэхэд “Өө тэгвэл маныхаа сарын цалинг өдөртөө олчихоод байгаа юм бишүү” хэмээн байгаль хамгаалагчид хоорондоо ярьж суусан. Үнэндээ байгаль хамгаалагчдийн цалин хангамж нь ажлын нөхцөл, үүрэг хариуцлагаасаа хамаагүй бага дээрээ “Авсан хэдээ эргээд бензин маслодаа хийгээд таардаг” тухайгаа мөн тэд ярьсан юм. Байгаль хамгаалагчид ажлаа хатуу хэцүү гэж ялархалгүй, хангайн зэрлэг амьтнаа хотны хэдэн мал шигээ тоо толгойгоор нь үгүйлж, харамлана.
Ц.Төмөрхуяг: Олон улсын төсөл байгаагүй бол бид одоо хөл нүцгэн таваргаж яваа
Өдөр нь хүний хөлөөс хол, уулын эхээр бэлчдэг амьтаддаа өвс хүргэсэн бол орой нар буухтай зэрэгцэн зээрэнд өвсөө амжилттай өгөөд буцахдаа Ц.Төмөрхуяг ахынхаар буусан юм. Тэднийх хоймроороо дүүрэн медальтай айл аж. Учир нь тэрээр уяач бөгөөд энэ бүх медалиуд аймаг, сумандаа айрагдсан хурдан хүлгүүдийнх нь юм байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Та хэдийнээс байгаль хамгаалагчаар ажиллах болов?
-1993 оны намар байгаль хамгаалагч болж байлаа. 1993-1995 онд Хужирт сумын байгаль хамгаалагч хийж байгаад 1996 оны сүүлээр Хангай нурууны байгалын цогцолборт газар гэж байгуулагдаж, Архангай, Өвөрхангай, Баянхонгор гурван аймгийн 16 сумын нийт 888455 га газрыг хамардаг байсан. Тэнд би Хужирт, Хархорин, Бат-Өлзийн зарим хэсгийн нийт 70-80 мянган га газар хариуцаж байсан юм. Ингэж явж байгаад 2005 онд Орхон хөндийн байгалийн цогцолборт газар гэж салж байгуулагдахад нь одоогийн Төвхөн орчмын газрыг хариуцах болсон. Өмнө нь бол нэг сумын хэмжээний талбайг хоёр л хүн хариуцдаг байсан. Том болохоор бүх талбайгаа жилдээ 1-2 удаа эргэхээс хэтрэхгүй. Тухайн үед морьтой явна. Бичиг баримт, хуулийн хэдэн товхимлоо баадагнаж боогоод шогшино шүү дээ.
-Жилийн хэдэн өдөр нь гэртээ байх вэ?
-Нэг гарахдаа ихдээ сар, багадаа 10 хэдэн хоног явна шүү дээ. Хөтөлгөө морио сэлгэж унаад явна.
- Ажлаа хийж явахад хамгийн санаанаас гардаггүй, дурсгалтай үе хэзээ байсан бэ?
-Олон юм байлгүй яахав. Морьтой явж байсан үед л хөгтэй юм их болдог юм. Бэрхийн бригад дээр 1997 онд өвөлжих жил шалгалтаар явж байсан юм. Тэр үед зөрчил их гарна. 3-4 өдөр нуруугаараа шогшиход нэлээд хэдэн зөрчил илрүүлж байгаа юм. Тухайн үед багаж техник гэж юм байсан биш, зөрчил таарвал шатсан модны хөө түрхэх, эсвэл хоёр мод хөндөлдүүлж тавих гэх мэтээр аргална. Намдаа буугаад морио услах гэж яваад мөс цөмрөөд орчихсон. Тэрүүхэн хооронд мод боллоо доо. Очих газар байхгүй, торгосон залуу дээрээ л очиж байгаа юм. Өнөө залуу маань ч сайн хүн байсан. Хөвөнтэй туурга авчраад өгөхөөр нь морио боогоод, би үстэй дээл хувцсаа хатаах гэж хэдэн өдөр болж байгаа юм.
-Хээр бол амь дүйсэн зүйл зөндөө болж байсан байх даа?
-Тэгэлгүй яахав. Улаан гараараа л байгаль хамгаална гээд явж байлаа. 1990 хэдэн онд аялал жуулчлал эхэлж байсан. Тусгай хамгаалалттай бүсэд орж ирж байгаа машиныг зогсооход эрээн мод гэж юм байдаг гэж сонсоод өөрөө мод будаад нэг юм хийчихэж байгаа юм. Хураамж авахад одоогийнх шиг капитанз гэж юм байхгүй. Хортой цаасан дээр хоёр хувь бичээд нэгийг нь өгнө. 1999 он хүртэл байр сууцгүй явж байгаад, нэг муурын байшин шиг юм өөрсдөө босгож байлаа.
-Одоо албаны ямар унаатай байна вэ?
-Мотоцикл бий. Бензин жаахан ахиу иддэг ч туулах чадвар сайтай. Байгалийн ийм нөхцөлд гурван жил явна гэдэг сайн байхгүй юу. Хужаа мотоцикл бол жилээ даахгүй эвдэрдэг.
-Гэхдээ байгаль хамгаалагчийн үүрэг хариуцлага өндөр ч шаардлагатай хангамж муу биш үү?
-Манай эдийн засаг ямар билээ. Тугалыг нь тураахгүй, эхийг нь эцээхгүй болж л байна. Энэ сайхан онгон сайхан байгалийг чинь ганц Монгол биш дэлхий нийтээрээ хамгаалья гээд дэмжиж байгаа олон улсын төслүүд байна. Төслийн хүчээр л бид дүрэмт хувцастай явж байна шүү дээ. Германы хамтын ажиллагааны төсөл манайд 10 жил лав болж байна. Тэр байгаагүй бол одоо бид хөл нүцгэн таваргаж яваа.
-Ярианы төгсгөлд гэр дүүрэн байгаа медалиудын талаар асууя. Хэдэн жил морь уяж байна вэ?
- Насаараа морины нуруун дээр явлаа. Манай аав морь уядаг хүн бий. Тиймээс нэг талаараа удмаа залгуулах, нөгөө талаар хобби юм даа. Айраг түрүү гэдгийг амархан ч авдаггүй юм билээ. Бүтэн 10 жил айраг түрүү аваагүй үе ч байна. Дараа жил айрагдана гээд л 6 7-гоор хүрээд ирдэг байсан. Сая миний унаж уулын эхээд гарч өвс тараасан морь чинь өнгөрсөн жил сумын наадамд түрүүлсэн юм.
Ц.Төмөрхуяг ах Д.Дүгэрдорж ахаас дөрөв дүү гэнэ. “Эхнээсээ чи гээд сурчихсан юм чинь одоо Дүгэрээ ах гэж худлаа яриад яахав” гэхэд “Гараад явахаар галзуу Монхор л гэнэ наадах чинь” хэмээн Монхор ах мөчөөгөө өгөхгүй тоглоом тохуу болсоор бид хөдлөх боллоо.
Ийнхүү сум орон нутгийнхны дэмжлэгтэй өрнөж буй “Ан амьтнаа хамгаалья” аяны хоёр дахь ээлж хоёр ахмад байгаль хамгаалагчийн хөгжилтэй, сургамжтай ярианд инээд хөөртэй явж ирсэн юм.
Хүн төрөлхтөн хэдийгээр эх дэлхийдээ тоочиж баршгүй балаг тарьсан ч хүн байгаль хоёрын хүйн холбоог эргэн санасан хандлага дэлхий нийтээрээ харагдах болсон энэ үед монголчууд бидэнд ч байгалиасаа авах биш буцааж өгөх өдөр олон байгаасай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.