Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ кабинетийн сайд нарын хамтаар ирэх гурван жилд 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө гарган ажиллах болсон талаараа Төрийн ордонд танилцууллаа.
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Ирэх гурван жилд авч хэрэгжүүлэх гэж байгаа бодлого зарим хүнд таалагдахгүй байж магадгүй. Гэхдээ Засгийн газрын тэргүүний байр суурь бол таалагдах ч албагүй гэж үзэж байгаа.
Ковидын улмаас улс орны болон иргэдийн санхүү муудсан учир эдийн засгийн огцом өсөлт шаардлагатай байна. Иргэдийнхээ эрүүл мэндийг ч хамгаалга, улс эх орны эдийн засгийг ч сэргээнэ. Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөнө. Хүн амын 70 хувийг эзэлдэг залуучууд руу чиглэсэн хөдөлмөр эрхлэлт, орон сууц, тогтвортой орлого хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Бэлэн мөнгө тараахгүй. Мөнгө гаргалаа ч тэр нь цаанаа ажлын байр болж, эдийн засгийн нэмэгдүүлж байх учиртай. Хамгийн сайн халамж бол хамгийн сайн ажлын байр юм. Хэрэв бид энэ арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй бол 2023 оны гуравдугаар улиралд эдийн засаг эргэж сэргэхгүй байх нөхцөлд орохоор байна. Иймд хийхээс өөр гарцгүй. Зовлонгийн түргэн нь дээр гэж хэлдэг.
ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ГУРАВДУГААР САРААС ЭХЛҮҮЛНЭ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-100 хоногт вакцинжуулах ажлыг эхлүүлж, бүрэн дуусгана. Хүн амын 60 хувийг хамруулна. Хоёр сая орчим хүн хамрагдах тооцоо гарсан. МУИС-ийн математикийн тэнхимийн эрдэмтэдтэй хамтран тооцоо судалгааг хийсэн. Вакцинжуулах ажлыг эрүүл мэнд, экспортын салбарын /тухайлбал, тээврийн жолооч нар/-хан болон ахмад настан, суурь өвчтэй хүмүүст хийнэ. Вакцин дээр хамтран ажиллаж байгаа ОХУ, БНХАУ, БНЭУ-ын Засгийн газарт талархал илэрхийлье.
Энэ сарын 23-нд хөл хориог нээхэд нэг зүйл тодорхой болно. Бизнесийг хоёр ангилна. Шууд ба шууд бус гэж. Шууд ажиллах албан байгууллагуудын 25 хувийг нь ажиллуулах ч юм уу, ийм зохицуулалт хийнэ. Шууд бусаар ажиллах байгууллагад тодорхой стандарт тавина. Стандартаа барьж чадахгүй бол ажиллуулахгүй.
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙГ ДЭМЖИХЭД ХОЁР ИХ НАЯДЫГ ЗАРЦУУЛНА
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Хөл хорионд хамгийн их өртсөн нь жижиг, дунд бизнес эрхлэгчид. Тэд зээлийн хүү болон түрээсийн дарамтад өртжээ. Иймд гурван жилийн хугацаатай, төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь нэг жил байх хоёр их наяд төгрөгийн зээлийн хөтөлбөрийг Монголбанктай хамтран гаргана.
ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛАН 2.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
Хүн амын дийлэнх хувийг эзэлдэг залуучуудад зориулан 500 тэрбум төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон талаараа Монгол улсын Засгийн газар зарлалаа. Бүртгэлийг цахимаар явуулан залуучуудад мэргэжил олгох хоёр сарын хугацаатай вакум хөтөлбөрийг зохион байгуулж, төгсөхөд нь нэг сая төгрөгийн цалин олгоно.
Мөн, залуусыг орон сууцтай болоход нь зориулж, 3 их наяд төгрөгийн хөтөлбөр зохион байгуулна. Газрыг үнэгүй олгож, дэд бүтцийг нь татаж, мөн тухайн хотхонд шаардлагатай нийгмийн асуудлуудыг төр хариуцахаар боллоо. Иймэрхүү бэлэн газар, дэд бүтэц дээр барилгын компаниуд төрийн байгууллагатай гэрээ байгуулан орж, мкв-ийн үнийг тодорхой түвшинд барих зохицуулалтыг Монгол улсын Засгийн газар хийхээр боллоо. Ингэхдээ нэг их наядыг дэд бүтэцэд, хоёр их наядыг Ипотекийн зээлд гаргана. Хэрэв шаардлагатай бол дахин нэг их наяд төгрөгийн Ипотекийн зээлийг гаргах боломжтойгоо илэрхийллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ худлаа хуцнаа.чадах юм байхгүйман-намын цүнх баригч юу ч хийхгүй