Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан аж үйлдвэр, эрүүл мэнд, болосрол, хөдөө аж ахуй, барилга, соёл урлаг, нийгэм үйлчилгээний салбарын хүмүүст МУ-ын Ерөнхийлөгч шагнал гардууллаа.
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор нэвтрүүлэгч С.Чимгээ: Монгол Улсын телевизийн хамгийн анхны нэвтрүүлэгч Б.Цэеэнханд агснаар ажил, амьдралынхаа анхны А үсгийг заалгаж байсан. Тэр мөчөөс хойш 25 жил өнгөрсөн байна. Телевиз гэдэг маань хамтын бүтээл. МҮОНТ-ийн хамт олон, нэвтрүүлэгч, хөтлөгч нартаа талархал илэрхийлж байна. Дэлхийн телевизийн салбарт хөл нийлүүлж алхаж байгаа Монгол HD телевизийн нийт хамт олондоо чин сэтгэлийн талархлыг хүргэж байна. Үзэгч та бүхэн байхгүй бол бид бүхэн яаж ажиллах билээ. Телевиз үзэгч та бүхэндээ баярлалаа.
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, сагсанбөмбөгийн 3х3 төрлийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Сүхбаатарын Тулга Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч боллоо.
Тэрбээр сагсанбөмбөгийн салбараас гавьяат цол хүртэж буй гурав дахь дасгалжуулагч бөгөөд өнгөрсөн хугацаанд багийн спортын төрлөөр тив, дэлхийн тэмцээнээс нийт 27 медаль хүртэхэд дасгалжуулагчаар ажилласан байна.
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч С.Тулга: Намайг төрүүлж өсгөсөн эцэг, эхдээ гэр бүлийнхэн, спортын гэр бүлийнхэндээ баярлалаа. Багийн спорт хөгжихгүй гэдэг байсан бол ард хоцорч бид нар 100 жилийн дараа буюу багаараа хамтаараа цэнгэлийн манлай буюу олимпт очих гэж байна. Тив дэлхийн дэвжээнээс найман алт, есөн мөнгө, 11 хүрэл медаль авсан. Олимпоос медаль авахын төлөө зүтгэх болно.
Ард түмэндээ Завханы хэмээн танигдсан С.Батсүх өнөөдөр төрийн тэргүүнээс Ардын жүжигчин цол тэмдгээ гардсан юм.
Ардын жүжигчин С.Батсүх: МУГЖ гэдэг цолыг 1993 онд авах үедээ “Банкнаас 100 сая төгрөг аваад дампуурсан юм шиг сэтгэл зүйн хувьд тийм байсан”. Өнөөдөр олон түмнийхээ хайр хишгийг хүртэж байгаадаа баяртай байна. Миний амнаас гарсан хий болгон чин сэтгэлээсээ байдаг. Би нийгэм руу хандсан, ухаарлын сайхан дуунуудаа дуулж, дуунд дуртай ард түмэн та бүхнийхээ дэмээр өдий зэрэгтэй явж байгаадаа их баярлаж явдаг шүү.
Хөгжмийн зохиолч Б.Магсаржав өнөөдрийг хүртэл 20 гаруй гавьяат цолтныг төрүүлсэн ч өөрөө тэрхүү шагналаа аваагүй юм. Тиймээс МУГЖ, дуучин С.Жавхлан 2013 онд өөрийн гавьяатын тэмдгээ зүүж өгч байсан удаатай. Харин энэ удаад түүнд олгосон шагнал олон хүнийг сонорыг мялааж байна.
МУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Магсаржав: МУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм дээд шагнал авсандаа туйлын их баяртай байна. Төр засаг, түмэн олондоо үнэхээр их баярлалаа. Энэ эрхэм шагналыг авахад Увс аймгийн нутгийн олондоо талархал илэрхийлмээр байна. Тэнгэрт байгаа аав, ээждээ хүү чинь даалгавраа биелүүллээ. Хийх юм аа хийлээ. Өшөө ихийг хийх болно.
"Зүүдэн бороо", "Насны намар", "Сүүн далай ээж", "Зүрхний уяа" зэрэг 500 гаруй дуу зохиосон бөгөөд тэрийг минь өлгийдөж авсан ард түмэндээ дэндүү их баярлаад ханашгүй.
Тэрийг дуулсан уран бүтээлч нартаа давхар баяр хүргэе. Цаашдаа хийх юм их байна. Энэ амжилтад хүрэхэд миний хань Ж.Ганчимэгтээ сэтгэл зүрхнээсээ баярлалаа гэж хэлье.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.