Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан "Тавантолгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэртэй танилцлаа. Сүүлийн үед тус үйлдвэрээс гарч буй тортог ойр орчмыг ихээр бохирдуулж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхэд халдаж байгаа талаар яригдах болсон билээ.
Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан:
-Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд байсныг бүгд мэдэж байгаа. Засгийн газрын шийдвэр 2019 онд гарч, сайжруулсан түлшний анхны үйлдвэр энд баригдаж байсан. Сайжруулсан түлш хэрэглэснээр 2020 оны өвөл утаа 50 хувь буурсан, энэ жил 80 хүртэл хувь бууруулах Засгийн газрын зорилт гараад байгаа.
Сайжруулсан түлшнээс хүхрийн хий ихээр гарч байна гэсэн зовинол иргэдийн дунд байна. Олон улсын "Жайка" байгууллага хүхрийн хий нэмэгдээгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Хүхрийн хийний 70 хувь нь цахилгаан станцаас, 22 хувь нь автомашинаас, 8,9 хувь нь сайжруулсан түлшнээс гарсан гэжээ.
Энд үйлдвэр анх барихдаа төмөр зам, дэд бүтэц нь бэлэн учир барья, яваандаа нүүлгэнэ гэсэн төлөвлөгөө байсан. Тухайн үед Засгийн газрын шийдвэр гарсан учир цаг хугацаа хэмнэх үүднээс ийм шийдэлд хүрсэн. Тэрнээс энд үйлдвэр байх ёсгүй газар. Гэтэл одоо энэхүү үйлдвэрийн ойр орчмын айл өрхүүд тоосжилт дунд амьдарч байна. Үйлдвэрийг нүүлгэх хүртэл хамгийн боломжтой нөхцөлд нь хүргэж бууруулах ёстой. Зүүн бүсийн үйлдвэрт Налайхад 70га газар олгосон. 2023 оны нэгдүгээр улиралд багтаан энэ үйлдвэрийг Налайх руу нүүлгэх ёстой. Энэ ажлаа эрчимжүүлье гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.