“...Энэ явдал ингэж эхэлжээ” гэдэг шиг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр маш ноцтой мэдэгдэл хийсэн юм. Тэр өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг хэлэлцэж байв.
Х.Нямбаатар тэгэхэд “...Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг хууль санаачлагчийн хувьд надад удаа дараа тавьж байсан. Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч хүн ирж хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэж үүрэг даалгавар авдаг ёсыг халахын тулд Ерөнхийлөгчийн тавьсан шахалт, шаардлагыг бид биелүүлээгүй” гэж мэдэгдсэн юм.
Өнгөрсөн өдрүүдийн маш дуулиантай улс төрийн үйл явдал энэ болсон. Нийгэм ч шуугисан. Гэхдээ нэг Засгийн газар огцорч, дараагийнх нь томилогдох гээд монголчуудын анхаарал тэр зүгт хандаад байлаа.
Ингэж байтал хэдхэн хоногийн дараа Х.Нямбаатар дараагийн Засгийн газарт үлдэхээр болж, хуулийн дагуу Ерөнхийлөгчид бараалхлаа. Тэр нь 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр байв.
Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг явж ороход тун чиг ёозгүйгээр “...За, Хууль зүйн сайд яагаад улстөржөөд байна аа. Яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганы танхимаас худлаа гүтгээд байна вэ. Үүнийгээ тайлбарлах ёстой шүү. Би өөрийг чинь шүүхэд өгнө. Би яахаараа Төрийн ордны гурван давхраас хүмүүст ял өгөөд сууж байдаг юм бэ. Хууль зүйн сайд ийм юм ярьж болохгүй. Чи Монгол Улсын Хууль зүйн сайд болохоос биш МАН-ын Хууль зүйн сайд биш” гэж анхааруулсан. Х.Нямбаатар ч ёс ёмбогор, төр төмбөгөр гэсэн үү, чуулган дээр хамаагүй ярьсандаа бантсан уу таг дуугүй суусаар гарсан бичлэг байдаг.
Ерөнхийлөгч хэлснээрээ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг шүүхэд өгч, түүний дараа үнэн худал нь тодорхой болох биз.
Энэ бол зүгээр нэг улстөржсөн асуудал биш бөгөөд хэрвээ Х.Нямбаатар Ерөнхийлөгчийг ийм аюултай гэмт хэрэгт гүтгэсэн бол нэр төрийг нь даруй цэвэрлэж, нийгэмд залруулах ёстой. Монголын бүх шүүгчээс уучлалт гуйх хэрэгтэй. Харин нөгөө талд тэр үйлдэл үнэн гэвэл маш аюултай юм. Ер нь тэгээд ХЗДХ-ийн сайд хүн намчирхлаа намчирхлаа гэхэд ийм айхтар гүтгэлэг түгээсэн гэхэд эргэлзээ төрмөөр болж байна. Ингэж эргэлзүүлэх шалтгаан үндэс бас байна.
Хэн нэгэн даргын өрөөнд гүйж очоод, бусдыг хэдэн жилээр яллах вэ гэдэг үүрэг чиглэл авдаг гэж хэлүүлсэн шүүгчид, шүүх байгууллага, тэдний өмнөөс дуугарах үүрэгтэй ШЕЗ таг чиг байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм.
Уг нь ядаж ШЕЗ-ийн дарга юм уу, хариуцлагатай албан тушаалтан Х.Нямбаатар сайдын энэ үгний төлөө босч ирээд тайлбар няцаалт хийх учиртай. Өмнө нь тэгж байсан.
Х.Нямбаатар 2018 орны гуравдугаар сард “сул” гишүүн байхдаа нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “...Шүүх засаглал сүүлийн 28 жилд нэг ч удаа ард түмнээрээ дүнгээ тавиулаагүй. Яагаад гэвэл эд нар ард түмнээс урвасан. Нууц биш шүү дээ. Захиргааны хэргийн шүүгч нар хөрөнгөжсөн, зарим шүүгч би нэрийг нь хэлээд яах вэ, би Хурц шиг яривал ярина. Зарим шүүгчийн дансанд сая ам.доллар байсан шүү дээ. Хэдхэн жилийн өмнө шүү дээ. Эхнэр, хүүхэд нь нотариат хийдэг. Нотариатын орлогоос сая ам.доллартай болсон гэж байгаа юм. Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг байна. Бид ийм шүүгч нартай шударга ёс яриад яах юм бэ.
Өнөөдөр Захиргааны хэргийн шүүх дээр илт хууль бус эвлэрлийг баталдаг шүүгч маш олон байна. Маргааш магадгүй, намайг энийг ярилаа гээд ШЕЗ-өөс мэдэгдэл хийгээд Захиргааны хэргийн шүүхийнхэн намайг энд тэнд хүн гүтгэсэн гэдгээр шалгуулж болно. Баримт гаргана” гэж ярьсан. Интеренетээр дүүрэн энэ бичлэг нь бий.
Энэ ярилцлага гарснаас хэдхэн хоногийн дараа ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж байгууллагынхаа мэдээллийн сайтад тайлбар өгсөн байдаг. Тэрээр “...Шуугиан дандаа л байдаг. Байх ч ёстой. Ардчилсан нийгэм дэх хэвийн үзэгдэл. Би энэ тухай олон удаа ярьсан. Олон нийтийн хяналт, хардалт бол шүүх хараат бус, шударга ажиллах нэг гол хүчин зүйл. Ер нь нийтийн албан тушаалтан шүүмжлэл, хардалтад байнга өртдөг. Түүнийг тэвчин, зөв, шударга ажиллах гэж энэ албанд ордог, зүтгэдэг гэж би ойлгодог. Энэ дэлхийд шүүмжлэл, хардалтаас ангид болчихсон онгон дархан шүүх, шүүгч нэг ч байхгүй. Айж сандрах хэрэггүй. Зөв, шударга байсан цагт энэ бүхэн цаг хугацааны л асуудал. Гэхдээ шүүмжлэл, хардалтад хэмжээ хязгаар гэж бий. “Жоомоо алах гээд гэрээ шатаах”-ын үлгэр шиг байж болохгүй. Шүүх эрх мэдэл олон нийтийн итгэл дээр тогтдог. Тэр итгэлийг алдагдуулбал улс орон нурдаг. Үүнийг хаана, хаанаа сайн бодох ёстой” гэсэн.
Дахиад хоёр, гурван хоногийн дараа дээрх сая ам.доллартай шүүгчийн талаар хэвлэлд ярихдаа “...Монголын 512 шүүгч дотор хадгаламждаа тэрбум төгрөгтэй ганц шүүгч байж болно биз дээ. Аав,ээж, ах, дүү нар нь гадаадад эмчлүүлэх гээд хийсэн ч юм бил үү” гэж байв.
Үндсэндээ ийм байдлаар тухайн үед Х.Нямбаатараас шүүгчдээ хамгаалж байсан юм. Өнөөдөр шүүгчдийн тоо 512-оос нэмэгдсэн. ШЕЗ-ийн дарга нь өөрчлөгдсөн, тэр газар байж л байна. Харамсалтай нь таг дуугүй байна. “...Дуугүй байна гэдэг зөвшөөрсний тэмдэг” гэх үг бий. Түүгээр болчих гээд байна уу гэж харагдаад байгаа юм.
Нөгөө талаас шүүгчид одоо тун завгүй өдрүүдийг өнгөрөөж байна. Ялангуяа бүх шатны ерөнхий шүүгч нар бүр завгүй болсон. Шүүхийн тухай хууль ирэх гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Түүгээр тэдний албан тушаалдаа байх эсэхийг шийддэг газар нь өөрчлөгдөж байгаа юм. Тиймээс тэдгээр шүүгчид албан тушаалдаа үлдэхийн тулд, өөр бусад нь дээш дэвшихийн тулд улс төрийн нөмөр хайж эхлээд байна. Ийм учраас шүүгчдийн нэр хүндийн төлөө “..Үгүй” гээд хэлчих хүн шүүгчдээс нь, ШЕЗ-өөс нь ганц ч гарахгүй байгаа бололтой.
Б.ДАМДИН-ОЧИР
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүн гүтгэнэ гдг коммунистуудын ганц хийж чаддаг ажил.Шүүгчид ч энэ төлгөн коммунистаас нэрээ цэвэрлэж авах ёстой.
Нюмбаатар сайд ард түмнийхээ дургуйцлийг мэдэрч Ундармааг яллах хэрэгтэй Улсыг хохиролгүй болгооч.Ерөнхийлөгчөөрөө оролдож суухаар.Цаад хүүхэн чинь харөнгөө нууж шилжүүлж учрыг нь олоод дууслаа
Заа ганц хоёр шүүгч Төрийн ордны 3-н давхарын зүүн шигүүрээс ирж тушаал авч болдоггүй юм уу. Энэ чинь л сая доллартай болох үндэс шдээ.
Тийм ш дээ ха ха ха
хэдэн арван тэрбумаар улсыг хохироож 40хөн саяаар торгуулсан ундармааг яллахгүй байгаагийн цаана энэ авилгалд идэгдсэн шүүгч нар байгаа юм.
Хууль зүйн сайд хариуцлагатай хүн оргүй зүйл яриагүй гэж итгэж байгаа шүү. Тэр тусмаа төрийн тэргүүнийг гүтгэхгүй байх
Өөрөө мэдэж байгаа болоо л хэлж байгааштээ.ерөнхийлөгч гэж хүн дарамталсан хийж гийсэн юмгүй хүн байх юмдоо
Jenkod tigej yagaadch bolohgui shuu mongolchuudaa
Нямбаатар, шиг ингээд үнэнийг нь хэлэх хүн алгаа, Бүгд гөлөг болчихоод байна
Комиент гарахгүй байна,