ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбалсэлмаа:
-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5433 иргэнд шинжилгээ хийхэд 35 иргэнээс халдвар илэрчээ. Уг 35 тохиолдлын хувьд ойрын хавьтагч нарын хоёрдогч хавьтагч нараас халдвар илэрч байна. Сонгинохайрхан дүүргийн 21 Худалдааны төвд ажилладаг иргэнээс халдвар илэрсэн. Тухайн иргэнтэй ойр ажилладаг найман хүнээс халдвар илэрсэн. Энэ бол шинэ голомт юм.
Улаанбаатараас Сэлэнгэ аймаг руу ээлжийн ажилдаа явж байсан уул уурхайн компанийн ажилчдыг түргэвчилсэн оношлуураар оношлоход нэг хүнээс халдвар илэрсэн байна.
Ажилчид 45 хүний суудалтай автобусаар явж байсан бөгөөд постон дээр хяналтын шинжилгээгээр халдвар илэрсэн тул баталгаажуулан шинжилгээ хийхэд, онош батлагдсан. Энэ хүн Улаанбаатар хотоос халдвар авсан учраас буцаан тээвэрлэж байна. Өвчлөл Улаанбаатараас эх уурхайтай учраас Сэлэнгэ аймагт өвчлөл нэмэгдсэн гэж тооцохгүй.
Сүүлийн долоо хоногт халдварын тоо нэмэгдэж, байна. Эрсдэлийн үнэлгээ хийхэд нийслэлийн хэмжээний тархалт болсон гэдгийг дурдсан. Улаанбаатар хотод 10 гаруй голомтын 1000 гаруй иргэн ойрын хавьтагч бол хоёрдогч хавьтал 2000 гаруй иргэн байна.