68 настай иргэн АНУ-аас ирж чадалгүй 4 сар гаран болж, гэргий нь УОК-оос хоёр удаа чирэгдэж гарч удаа дараа хүсэлт тавиад ч авч чадалгүй амиа алдсан харамсалтай хэргийг бид сурвалжиллаа.
Тус иргэн нь эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаантай байсан бөгөөд 2020 оны 04 сарын 12-аас эхлэн Америк, Монгол аль аль талд байсан ар гэрийнхэн нь УОК-т удаа дараа нутаг буцах хүсэлт өгчээ. Эхнэр нь гэхэд л долоон удаа талийгчийг авчрах хүсэлт өгсөн бөгөөд хоёр ч удаа гудамжинд чирэгдэж гаран хөөгдсөн байдаг.
Талийгч нутаг буцах хүсэлтэй иргэд дунд 63 гэсэн дугаар авч чадсан байсан. Хувиар ёсоор 2020 оны 08 сарын 15-нд Монголд ирэх байжээ. Гэтэл тус өдрийн тусгай үүргийн онгоцоор 200 дугаартай хүмүүс ч ирсэн байсан бөгөөд "Монголоос 50 хүн л авчир гэсэн" гэж АНУ-д байсан талаас тухайн иргэнд хэлээд авч яваагүй аж.
Бие муутай, удахгүй эх орон руугаа ниснэ гэж хүлээж байсан иргэн нь 2020 оны 08 сарын 18-нд АНУ-д амьсгал хураасан бөгөөд үр хүүхэд нь мөн л хүсэлт шаардлага тавьсаар чандарыг нь арай гэж эх оронд нь авчирчээ.
Энэ талаар бидэнд талийгчийн хүргэн дүү, иргэн Ү.Дамдинсүрэн болон түүний гэргий ярилцлага өгсөн юм.
Иргэн Ү.Дамдинсүрэн: Би хамаатан ахыгаа 4-5 сар хөөцөлдөөд эх оронд нь амьд мэнд ирүүлж чадаагүй. Одоо Унгарт сурч байгаа охиндоо маш их санаа зовж байна. 2020 оны 08 сараас хойш УОК, НОК гээд хандаж болох бүх л газар хандаад хариу авч чадахгүй юм. Иргэн хүний хувьд, аав хүний хувьд, ардчилсан улсын иргэний хувьд улсаасаа хариу хүсээд нэмэр алга. Сүүлийн 24 цаг тасралтгүй залгаад УОК утсаа авахгүй. Сэтгэгдэл бичихээр устгаад байх юм.
Сайд дарга нарын эхнэр хүүхдүүд ачааны онгоцоор ч ирж болоод байдаг юм билээ. Энгийн иргэд үр хүүхэд ах дүүсээ амьд хүлээж авах арга байна уу?