УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ. АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгч санал болгож УИХ-аас томилдог байсныг даргыг нь Ерөнхий сайд санал болгож УИХ томилдог, дарга нь дэд даргаа томилдог болгон өөрчилсөн билээ.
Холбогдох байнгын хороогоор хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Энэ үндэслэлээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 63 гишүүдийн 54 гишүүн дэмжиж, нийт гишүүдийн 84.1 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Уг хоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "АТГ‑ын дэд дарга нас барсан учраас оронд нь хүн томилъё гэдэг хууль оруулж ирсэн. Ерөнхийлөгч томилно гэдгээрээ буюу хуучнаараа байсан. Хууль зүйн байнгын хороон дээр АТГ-ын дарга, дэд даргын томилгоог Ерөнхий сайд шийднэ гэж өөрчилсөн. Би ч тэр үед үүнийг дэмжсэн. Гэхдээ би эргэлзэж тээнэгэлзэж байна. АТГ-ын даргын томилох эрхийг Ерөнхийлөгчөөс аваад Ерөнхий сайдад өгч байгаа нь нэг намын даргад өгч байгаа хэрэг. Энэ дээр өөр гарц хайя гэж байнгын хороон дээр ярьсан. Бид буруу л юм хийж байна даа" гэв.
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар "Яагаад АТГ-ын томилгоог нэг хүн бүгдийг нь хариуцаж, харц, аашаараа хөдөлгөж байдаг тогтолцоотой байх ёстой юм бэ? Хийсэн хулгайг нь хэлж болдоггүй нийгэмд амьдарч байна. Ерөнхийлөгчийн тавьж байгаа хоригийг УИХ хүлээн авч болохгүй. УИХ-ын хариуцлагатай индэр дээрээс хэн нэгэнд ял өгдөг явдлыг л бид засах гээд байна. Хүргэн хүүдээ 17 тэрбум төгрөг өгсөн хэрэг яриагүй байна. Хөгийн нөхцөл байдлаас гарах л гэж хуульд өөрчлөлт оруулсан. Хэн дуртай нь хэн нэгэнд шүүх, мөрдөн байцаалтгүйгээр шууд ял өгдөг, зарладаг, нэр төрийг нь унагадаг байдлаас л салья гэж хуульд өөрчлөлт оруулсан. Н.Алтанхуяг гишүүнээ би гайхаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдууд гадаадад очиж буудуулдаг байсан. Одоо 3-4-өөрөө шоронд хоригдож байна. Энэ зөв юм уу. Тэр хүмүүс Монголд ямар гэм хийсэн юм бэ. Дургүй нь хүрэхээр л хүнийг шоронд хийчихдэг тогтолцооноос салмаар байна. Аль нэг улс, хэн нэг хүний хурууны дохиураар Монгол Улс явахгүй. Хэн нэгний согтуудаа гаргасан авир зангаар монголчууд хохирох ёсгүй. Залуучуудаа ийм хөгийн хүмүүсээс хол байгаарай. Ингэж байж Монголын төр цэвэршинэ" гэв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Ах нарын авлигын асуудлаар хол байя гэсэн ч үг хэлэхгүй бол болохгүй нь. Монгол Улс авлигадаа ялагдсан. АТГ-ын даргыг би томилъё, чи дэд даргыг нь томил гэж байснаа дарга нь дэд даргаа томилдог болгосноос танхим дүүрэн хэрүүл болгож байна. Орчин үед дэд дарга, дэд сайд нарын хэрэг байхгүй болсон. Хуучин цагт дарга гадагшаа явлаа гэхэд орлох хүн хэрэгтэй байсан. Одоо технологи хөгжөөд хаанаас л бол хаанаас ажиллаж болчихсон шүү дээ" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
одоо ерөнхийлөгч МАН -аас гарвал жинхэнээсээ хаант улс болох юм бн,