Нийгмийн халамжийн тэтгэмжит хөтөлбөрүүдийн нэг болох "Цалинтай ээж" хөтөлбөр 2018 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Тэгвэл 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс цалинтай ээж хөтөлбөрийг зогсоож, хүүхдээ гэртээ харж буй эцэгт мөн адил олгох хэрэгтэй гэж Үндсэн хуулийн Цэцээс үзсэн байна. Учир нь хүүхдээ гэртээ харж буй эцэгт олгох мөнгөн тэтгэлэг гэж байхгүй. Энэ нь "хүйсээр ялгаварлан гадуурхсан" гэж ҮХЦ үзжээ.
Өнгөрсөн онд "Цалинтай ээж" хөтөлбөрт 172 эх хамрагдаж, улсын төсвөөс жилд 90 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд олгох мөнгөн тэтгэмжийг зохицуулж буй хуулийн үйлчлэлийг 2021-07-01-нээс түтгэлзүүлсүгүй гэсэн дүгнэлтийг ҮХЦ энэ сарын 20-нд гаргажээ.
Иймд хуулийн үйлчлэлийг түр түдгэлзүүлж, УИХ хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байна. Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо авч хэлэлцсэн юм. Энэ үеэр гишүүд ээж нь ажлаа хийж, эцэг нь хүүхдээ харж байгаа тохиолдолд олгох хэрэгтэй. Хуульд өөрчлөлт орвол улсын төсөвт 30 тэрбум төгрөг нэмж тусгагдах ажээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн бөгөөд цэцийн дүгнэлтийн холбогдох заалтаар санал хураалт явуулж шийдвэрлэн энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон юм.
Тэгвэл 0-3 настай хүүхдээ харж байгаа ээжүүдэд сар болгон олгодог 50 мянган төгрөг амьдралд хэр бодит дэмжлэг болдог талаар ээжүүдээс утсаар тодруулга мэдээлэл авахад "Хүүхдийнхээ памперс, хоол хүнсэнд зарцуулдаг. Амьдралд хэрэгтэй байдаг. Ээж болон эцэгт аль алинд нь олгох хэрэгтэй" гэсэн юм.
ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээн авбал тэтгэмжийг үргэлжлүүлэн хүүхдээ харж буй эцэгт олгох юм. Ээжүүдийн хувьд бага насны хүүхдээ харж байгаа эцэг, эхчүүд ямар ч орлогогүй байдаг тул улсаас өгч байгаа багахан тэтгэмж, халамж өнөөгийн хүнд цаг үед хэрэгтэй байгаа тул цаашид үргэлжлүүлэн олгох нь зүйтэй гэж үзэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.