АНУ-ын телевизийн урлаг, тэр дундаа ярилцлагын нэвтрүүлгийн салбарт домог болон нэрээ мөнхөлсөн хөтлөгч Ларри Кинг 87 насандаа таалал төгссөнийг бямба гарагт гэр бүлийнх нь зүгээс мэдэгдлээ.
Тэрээр амьдралынхаа 63 жилийг радио, телевизийн салбарт зориулахдаа 50,000 орчим ярилцлага хийжээ. Үүний дотор 25 жилийн турш CNN агентлагийн Ларри Кинг Лайв ток шоу хийж, 6,000 дугаарыг үзэгчдэдээ хүргэсэн байна. Тэрээр АНУ-ын үе үеийн төрийн тэргүүнүүд, дэлхийн шилдэг улс төрчид, нэр алдартай эрхмүүдтэй ярилцсаар 2010 онд зодог тайлан амралтаа авсан юм.
Ларри Кинг өнгөрөгч 12 дугаар сарын сүүлээр Ковид-19 коронавирусийн халдвар авч Лос Анжелесийн Cedars-Sinai эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлээд гарсан бөгөөд тэрээр уг эмнэлэгт таалал төгссөн гэж эх сурвалжууд дурдсан байна. Ойрын жилүүдэд зүрхний шигдээс, уушгины хорт хавдар зэрэг эрүүл мэндийн олон талын асуудал тулгарах болжээ.
Алдарт хөтлөгч амьдралынхаа туршид долоон эмэгтэйтэй найман удаа гэрлэж таван хүүхдийн эцэг болсон юм. Гэвч хүү, охин хоёроо өнгөрсөн жил алдсан харамсалтай мэдээг дуулгаж байжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.