Өнгөрсөн 24 цагийн дотор коронавируст халдварын 16 шинэ тохиолдол улсын хэмжээнд нэмж бүртгэгдлээ. Эдгээр тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд есөн тохиолдол нь Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооноос илэрсэн тул оршин суугчдыг тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажил эхэлсэн. Үлдсэн тохиолдлууд нь бусад тохиолдлуудын ойрын хавьтагчдаас илэрсэн.
Улсын хэмжээнд 1627 коронавирусийн тохиолдол бүртгэгдээд байна. Харамсалтай нь халдвар авсан иргэдийн хавьтлууд утсаа авахгүй байх, мэдээллээ бүрэн өгөхгүй байх зэрэг үйлдлүүд гаргаж байна. Гадуур үйлчилгээний газрууд нээгдсэнтэй холбогдуулан халдвар тарах эрсдэл өндөр болсон тул ариун цэврийн дэглэмээ сахиж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин ажиллах шаардлагатай байна гэдгийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ.
Түүнчлэн Улаанбаатар хотоос бусад аймгуудад коронавирусийн халдвар өнгөрсөн хоногт илрээгүй. Тиймээс халдварын хамгийн идэвхтэй бүс нийслэл хот болж байна. Нэн ялангуяа үсчин гоо сайхны газрууд нээгдсэн учир ард иргэдийг эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалахыг уриалж байна. Коронавирусийн халдвар нь хүн хооронд 1,5 метрээс ойр 15 минутаас удаан хугацаанд байхад халдах өндөр эрсдэлтэй байдаг. Тиймээс үсчин, гоо сайхны газруудаар цаг авч үйлчлүүлэх, агааржуулалт хийх, бөөгнөрч хүлээлт үүсгэхгүй байх шаардлагатай.
Түүнчлэн томуугийн улирал эхэлж байгаатай зэрэгцэн Ковид-19-ийн халдвар нэмэгдэж байгаа тул сонор сэрэмжтэй байх цаг ирлээ гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.