Алдарт Жеймс Бонд цувралын шинэ анги “Үхэх цаг үлдээгүй” коронавируст цар тахлын улмаас нээлтээ хийх өдрөө гурав дахь удаагаа хойшлуулжээ.
Албан ёсны цахим хуудсаар өгсөн мэдээлэлд дэлхийн нээлтээ энэ жилийн аравдугаар сарын 8-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. Хамгийн анх шинэ ангиа 2020 оны дөрөвдүгээр сард нээнэ хэмээн зарлаад байсан юм.
Их Британийн жүжигчин Даниель Крейгийн Жеймс Бонд 007-ын дүрд сүүлчийн удаа тоглосон бүтээл гэдгээрээ түүний шүтэн бишрэгчид болоод олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа билээ. Уг цуврал нийт 25 анги гаргаад байгаа юм. Шинэ ангид Даниель Крейгээс гадна Леа Сейду, Рами Малек нар тогложээ.
Ковид-19 цар тахлын улмаас дэлхий даяар кино театрууд хаалттай байгаа нь ашиг орлогоороо Box Office-ыг тэргүүлсээр ирсэн кино бүтээл нээлтээ хойшлуулахад хүргэсэн. Цар тахлын энэ үед Жеймс Бондын шинэ ангиас гадна кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгэсэн Морбиус, Маверик зэрэг олон кино нээлтээ хойшлуулахаас өөр аргагүйд хүрээд байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.