Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” техник туслалцааны төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн өвөлжилт хүндэрсэн 53 сумын зорилтот бүлгийн 1000 малчин өрхөд малын тэжээл, сувиллын багцыг буцалтгүй тусламжаар олгож байна.
Энэхүү тусламжид хонин толгойд шилжүүлснээр 300 ба түүнээс цөөн тооны малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, хөдөлмөрийн насны өрх толгойлсон, олон хүүхэдтэй, гэр бүлийн аль нэг гишүүн хөгжлийн бэрхшээлтэй, отор нүүдэл хийх бүл, чадал муутай нийгмийн зорилтот бүлэгт багтдаг малчин өрхийг хамруулснаараа онцлог юм.
Уг тусламжид Архангай аймгийн долоон сумын 112, Баянхонгор аймгийн 11 сумын 264, Говь-Алтай аймгийн найман сумын 160, Дундговь аймгийн есөн сумын 144, Өвөрхангай аймгийн арван сумын 200, Төв аймгийн найман сумын 120 малчин өрх хамрагджээ.
Тэдгээр өрхийн мал сүргийн 30 хүртлэх хувийг 60 хүртлэх хоногт нэмэгдэл тэжээлтэй байлгахаар тооцсон уураг-амин дэм-эрдэс бодис-биологийн идэвхтэй бодисоор баяжуулсан бүрэн найрлагат сувиллын тэжээлийн багцыг олгож байгаа юм. Дунджаар нэг өрхөд 640 мянган төгрөгийн 460 кг сувиллын тэжээлийн тусламж хүрч байгаа юм. Тусламжид малын шархны тос, нүдний тос, хурганы уут, малыг сувилах энгийн жор бүхий зөвлөмж зэрэг юм. Нийслэлээс тусламжийг малчны хотонд хүргэх тээврийн бүх зардлыг зургаан аймгийн ХХААГ-т олгожээ. Тусламжид хамрагдсан малчид малчны тамгаар тусламжийг авснаа нэг бүрчлэн баримтжуулахаас гадна тусламжийн талаар нэмж асуух, тодруулах, зөвлөгөө авах боломж олгох таван мянган төгрөгийн утасны нэгжийг өгсөн байна.
Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн нөхцөл байдал, зорилтот бүлгийн малчдад өвс тэжээлийг хүргэх ажлыг зохион байгуулах, өвөлжилт хүндэрч байгаа аймаг, орон нутгийн нөхцөл байдалтай танилцах зорилгоор ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нараар ахлуулсан баг 2021 оны 1 дүгээр сарын 17-20-ны өдөр Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Төв аймагт ажиллалаа. Өвөрхангай аймгийн Богд, Говь-Алтай аймгийн Дэлгэр, Төв аймгийн Лүн сумын зорилтот бүлгийн малчин өрхийн мал сүргийн өвөлжилтийн нөхцөл байдал, ахуй амьдралтай газар дээр нь танилцаж тэжээлийн тусламжийг хүргэсэн юм.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангасан байдал, зудын эрсдлийг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг үе шаттай авч ажиллаж байгаа талаар тухай орон нутгийн удирдлага, малчид иргэдтэй уулзахдаа танилцуулж ажилласан юм.
Тухайлбал, УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх шуурхай бүлэг зудын эрсдэлийн үнэлгээг гаргасан. Энэхүү мэргэжлийн байгууллагуудын үнэлгээг үндэслэн Монгол улсын Засгийн газраас зудын эрсдэлтэй 10 аймгийн өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхэд зориулж, 2160.0 сая төгрөг, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын долоон бүсэд тэжээл хивэг худалдан авахад зориулж 406.0 сая төгрөгийг шийдвэрлүүлж, зохицуулалтын арга хэмжээг авч ажилласан.
Мөн аймаг, суманд оторлохоор ирсэн малчдын буцахыг шаардахгүй, татвар хураамжгүй оторлож буй малчдад бэлчээрийг ашиглуулж, тухайн бэлчээрийг 2021 оны 4 сарын 1-ний өдрийн дотор чөлөөлүүлэх, Улсын нөөцийн салбар цэгүүдэд хадгалагдаж байгаа 3800 тонн өвсийг үнэгүй, 1900 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан олгох тогтоол шийдвэрийг гаргаж хэрэгжүүлээд байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.