Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс сэтгүүл зүйн салбарын оны шилдгийг тодруулах “Ган үзэг 2020” тэргүүн наадмын шалгаруулалтын дүнгээ өнгөрсөн ням гарагт танилцуулсан. Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлчээр LIVETV.MN сайтын сэтгүүлч С.Будрагчаа шалгарсан юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хэвлэл мэдээллийн салбарт манлайлан ажилласан шилдэг байгууллага, хамт олон болон сэтгүүлч нарт шагналыг гардуулан өглөө.
"Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага”, “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор”, шилдэг менежер, шилдэг судлаач гэсэн номинацуудад нийт 18 төрөлд шилдгийн шилдэгийг шалгаруулсан. Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтын материалыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс шалгаруулдаг уламжлалтай. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч Х.Батхишиг, Монголын Сайтын холбооны ерөнхийлөгч Э.Батхүү нар мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлчээр шалгарсан LIVETV.MN сайтын сэтгүүлч С.Будрагчаад шагналыг нь гардуулав.
С.Будрагчаа нь 2020 онд “Fact check” нэвтрүүлгийг тогтмол бэлтгэж, 2020 онд эрэн сурвалжилсан сэдвүүдээс хамгийн сүүлд “Монголд үйлдвэрлэв” буюу үндэсний үйлдвэрлэгчдийн нийтийн тээвэрт учруулсан хохирол, “Хавдар судлалын үндэсний төвд болсон жигүүрт хэрэг” буюу тус эмнэлгийн эмч нар өвчтөнөөс авилгал хээл хахууль авахыг оролдсон асуудлыг хөндсөн нэвтрүүлгүүд нь үзэгчдийн талархлыг хүлээсэн. Мөн, Монголын хөлбөмбөгийн холбоон дахь бэлгийн хүчирхийлэл дөрвөн цуврал нэвтрүүлгийг бэлтгэсэн нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.
Сэтгүүл зүйн салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Ган үзэг-2019” тэргүүн наадмын хамгийн дээд шагнал 2019 шилдэг мэдээллийн сайтаар LIVETV.MN сайт шалгарч байсан билээ. Манай мэдээллийн сайтын сэтгүүлч шилдэг сэтгүүлчээр шалгарсан нь шилдгийн шилдэг гэдгээ дахин баталсан хэрэг боллоо. Үзэгч, уншигч, сонсогч та бүхэндээ цаг үеийн шуурхай мэдээ, мэдээллийг тэнцвэртэй, үнэн бодит, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн хүргэхийн төлөө цаашид чин сэтгэлээсээ эрмэлзэн ажиллах болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.