БНХАУ-ын хойд хэсэгт орших "Tianjin Daqiaodao" хүнсний компанийн зайрмагийн дээжээс коронавирус илэрч, эрх баригчид халдвар тээж байж болзошгүй олон мянган бүтээгдэхүүнийг хураан авахад хүрсэн байна.
Тус компани өнгөрсөн долоо хоногт Тяньжин хотын халдварт өвчнийг хянах захиргааны төв рүү гурван сорьц илгээсэн бөгөөд бүгдээс нь коронавирус илэрчээ. Үүний дараагаар компанийн удирдлага бүх бүтээгдэхүүнээ битүүмжлэн хураасан байна. Хотын захиргаанаас одоо тус компанийн зайрмагуудыг худалдан авсан иргэдийг олж тогтоохоор ажиллаж байгаа аж.
"Tianjin Daqiaodao" компани Шинэ Зеландаас импортолсон хуурай сүү, Украинаас импортолсон шар сүүний нунтаг зэрэг түүхий эд ашиглан зайрмагаа үйлдвэрлэдэг болох нь эпидемиологийн судалгаагаар тогтоогдсон. Лийдсийн их сургуулийн вирус судлаач, доктор Стивен Гриффин энэ талаар "Зайрмаг бүр коронавирустэй болсон гэж сандрах хэрэггүй байх. Энэ бол үйлдвэрлэлийн явц, үйлдвэрийн эрүүл ахуйтай холбоотой асуудал байж болзошгүй. Мөн энэ нь нэг удаагийн л тохиолдол бөгөөд вирус хүнээс гаралтай байх" хэмээн ярьжээ.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гараг гэхэд компанийн 1,662 ажилчныг тусгаарлан, шинжилгээнд хамруулсан байна. Түүнчлэн албаныхан халдвар авсан байж болзошгүй 4,836 хайрцаг зайрмагийн 2,089-ийг нь битүүмжилжээ. Зах зээлд нэвтэрсэн 2,747 хайрцгаас 935 хайрцаг зайрмаг нь Тяньжинд байснаас 65-ийг нь аль хэдийн захуудад зараад байсан гэнэ.
Хотын албаны хүмүүс үйлдвэрийг ариутгах арга хэмжээ авч, зайрмаг худалдаж авсан байж болзошгүй орон нутгийн оршин суугчдыг эрүүл мэндийн байгууллагуудад мэдэгдэхийг хүссэн байна.
Эх сурвалж: Independent