Тайландын шүүхээс эзэн хааны гэр бүлийг доромжилсон эмэгтэйд 43 жилийн хорих ял оноосон нь тус хаант улсад шинэчлэл хийхийг шаардаж буй идэвхтнүүдэд том сануулга болсон гэж шинжээчид үзэж байна.
Энэхүү ял нь тус улсын түүхэн дэх ийм төрлийн хэргийн хамгийн хатуу шийтгэл болж байгаа юм. Тайландын хаан, хатан, өв залгамжлагч болон хааны гэр бүлийн гишүүдийн нэр хүндийг гутаан, шүүмжлэхийн эсрэг хууль нь дэлхийн хамгийн хатуу хуулиудын нэгээр тооцогддог. "Lese majeste" гэгддэг уг хуулийн зөрчил тус бүрд 15 жилийн хорих ял оноодог байна.
65 настай Анчан Прелерт нь 2014-2015 оны хооронд хааны гэр бүлд шүүмжлэлтэй хандсан аудио бичлэгүүдийг "YouTube" болон "Facebook" олон нийтийн сүлжээн дээр хуваалцсан гэм буруугаа хүлээсэн гэж Тайландын Хүний эрхийн хуульчид мэдээлсэн. Түүнийг 29 зүйл ангид буруутгаж, тус бүрд нь гурван жилийн хорих ял оноосон байна. Бангкокийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эхлээд 87 жилийн ял оноогоод байсан хэдий ч Прелерт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул ялыг нь хоёр дахин багасгасан гэнэ.
Анчан Прелерт шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдахаар төлөвлөж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхээр дамжуулан батлан даалтад гарахаар зорьж байгаа аж.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.