Коронавирусийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан III дахь шатны судалгааны үр дүнгийн талаар ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбалтай ярилцлаа.
Коронавирусийн өрхөд үзүүлж буй нөлөөг “цаг тухайд нь” хянах зорилгоор Үндэсний статистикийн хороо (ҮСХ) болон Дэлхийн банк (ДБ) хамтран “Коронавирусийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа”-г зохион байгуулсан. Энэхүү танилцуулгаар 2020 оны 12 дугаар сарын 3-наас 15-ны хооронд зохион байгуулж мэдээлэл цуглуулсан судалгааны гурав дахь шатны үр дүнг нэгтгэн харуулсан болно. Гурав дахь шатны судалгааны үр дүнг суурьшил (Улаанбаатар, аймгийн төв, сумын төв, хөдөө) болон хот, хөдөөг төлөөлөх чадвартай 1147 өрхийн мэдээлэлд үндэслэн тооцсон.
Бүх нийтийн бэлэн байдал буюу хөл хорио хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдалд ихээхэн нөлөө үзүүлсэн. Цар тахлаас өмнө ажил эрхэлж байсан ажиллагсдын 40 хувь нь хөл хорионы үе буюу гурав дахь шатны судалгааны үеэр ажил эрхлэхээ зогсоосон байжээ. Гэхдээ эдгээр ажил эрхлэхээ зогсоосон хүн амын 61 хувь нь хөл хорионы дараа ажилдаа эргэж орно гэж хариулсан нь хөл хорионоос шалтгаалан ажиллах хүч түр зуур зогсонги байдалд орсныг харуулж байна.
Гурав дахь шатны судалгааны үед ажил эрхлэхээ зогсоосон гэж хариулсан хүмүүсийн эзлэх хувь үйлдвэрлэлийн салбарт хамгийн өндөр (48%) дараа нь үйлчилгээний салбар (34%) болон хөдөө аж ахуйн салбарт (32%) байна.
Хувиараа бизнес эрхэлдэг гэж хариулсан өрхүүдийн 85 хувь нь хатуу хөл хорионы үеэр бизнесээ эрхлэх боломжгүй болжээ. Орлого буурсан гэж хариулсан хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 27 хувь нь бүр огт орлогогүй болсон гэж мэдээлсэн.
Өрхүүдийн бизнесийн алдагдал үргэлжлэх төлөвтэй байгаа ба хувиараа бизнес эрхэлж буй 3 өрх тутмын 2 нь ирэх гурван сард борлуулалтын орлого нь буурна гэсэн төсөөлөлтэй байна.
ХАА-н хөдөлмөр эрхэлдэг өрхүүдийн амьжиргаа сүүлийн хоёр шатны судалгааны хооронд мөн л дордсон байна. ХАА-н орлого нь буурсан гэж мэдээлсэн өрхүүдийн бараг 60 орчим хувь нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого нь 40- өөс дээш хувиар буурсан гэж хариулсан байна.
Бүх нийтийн бэлэн байдал буюу хөл хорионы үед бараг бүх хүн өөрсдийгөө болон бусдыг Ковид-19-өөс хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийгмээс тусгаарлагдах арга хэмжээнд орсон.
Судалгаанд оролцогчид бараг бүгд байнга маск зүүж, гараа угааж байгаа гэж хариулсан. Судалгаанд оролцогчдын 97 хувь нь гар барин мэндлэх, 96 хувь нь олон хүн цугласан үйл ажиллагаанд оролцохоос татгалзсан.
Ковид-19-ийн баталгаатай вакциныг хийлгэх хүсэл хотын хүмүүстэй харьцуулахад хөдөө орон нутгийн хүмүүст их байна.
Ядуу хүмүүсийн 86 хувь нь вакциныг үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй байна. Гэхдээ вакцин үнэ төлбөртэй байсан ч хийлгэх тэдний хүсэл нь ядуу бус хүмүүсийнхтэй ижил байна.
Хүмүүс ойролцоогоор 25000 орчим төгрөгийг Ковид-19 вакцин хийлгэхэд зарцуулж чадна гэж хариулжээ.
Улаанбаатар хотод амьдардаг болон ядуу бус хүмүүс вакцин тариулахад арай илүү мөнгө зарцуулах боломжтой гэж (27-30 мянган төгрөг) харин хөдөө орон нутгийн болон ядуу иргэд их мөнгө зарцуулах боломжгүй (19-20 мянган төгрөг) гэж хариулсан байна.
Судалгааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж танилцана уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.