Бүгд Найрамдах Зимбабве Улсын Гадаад хэргийн сайд Сибусисо Моёо коронавирусийн цар тахлаар өвчлөн, орон нутгийн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан талаар тус улсын Засгийн газрын төлөөлөгч Жорж Чарамба өнгөрөгч лхагва гарагт мэдэгджээ.
Чарамба албан ёсны мэдэгдэлдээ "Хүчирхэн цэрэг, эрх чөлөөний төлөө тэмцэгч байсан талийгаач сайд цаг бусаар амиа алдсанаар манай улсын цаашдын хөгжилд том гарз хохирол учирч байна" хэмээн тэмдэглэсэн байна. Зимбабвегийн Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва мөн эмгэнэл илэрхийлэн, "Зимбабве төрийн үнэнч зүтгэлтэн, жинхэнэ баатраа алдлаа. Харин би найзыгаа алдлаа. Зимбабве улсын эрх чөлөөний төлөө тэр бүхий л амьдралынхаа турш тэмцсэн" хэмээн өөрийн Твиттер хуудаснаа бичжээ.
Сибусисо Моёо армийн офицер байсан бөгөөд 2017 оны арваннэгдүгээр сарын 15-нд төрийн телевизээр гарч, тус улсын цэргийн хүчин Ерөнхийлөгч асан Роберт Мугабегээс засгийн эрхийг авсан гэдгийг мэдэгдэж байжээ.
Зимбабвед коронавирусийн халдварын тархалт нэмэгдсээр байна. Одоогоор тус улсад халдварын нийт 28,675 тохиолдол бүртгэгдэн, 825 хүн нас бараад байгаа юм. Зимбабвегийн Хүний эрхийн эмч нарын холбооноос тус улсын эмнэлгүүд ачааллаа даах боломжгүй болсныг мэдэгджээ. Тус байгууллагаас мөн Зимбабве улсад ажиллаж байгаа мянга орчим эмнэлгийн ажилчин хамгаалах хувцас хэрэгслийн дутагдлаас болж цар тахлын халдвар авсан гэж мэдээлсэн юм.
Эх сурвалж: CNN