АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр албан ёсоор Цагаан ордноос явах гэж байна. Тэрээр шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолын өмнө Цагаан ордон дахь сүүлчийн мэдэгдлээ хийжээ.
Трамп өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын 3-ны өдөр болсон сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байгаа тул лхагва гарагт Вашингтонд болох Байдены тангараг өргөх ёслолд оролцохоос татгалзаж байгаа юм. Тэрээр 1869 оноос хойш дараагийн залгамжлагчийнхаа тангараг өргөх ёслолд оролцохоос татгалзсан Америкийн анхны Ерөнхийлөгч ажээ.
Трамп YouTube сувагт байршуулсан бичлэгтээ “Бид юу хийх гэж ирсэн түүнийгээ болоод түүнээс ихийг ч хийж чадсан. Улс төрийн хүчирхийлэл бол Америкийн ард түмний үнэт зүйлд халдаж байгаа хэрэг юм. Үүнийг хэрхэвч тэвчиж болохгүй” гэжээ.
Америкийн 45 дахь Ерөнхийлөгчийн сүүлчийн хоёр долоо хоногийн хугацаа эсэргүүцлийн жагсаал, улс төрийн эмх замбараагүй байдалтай өнгөрсөн гэж шинжээчид дүгнэж байна. Мөн тэрээр Капитол Хиллд жагсагчид дайрч орсон хэрэгт холбогдон шүүхэд дуудагдах болоод байгаа юм. Трампыг албан тушаалаа хүлээлгэж өгсний дараа Сенатын танхимд санал хураалт явуулж гэм буруутай эсэхийг нь хэлэлцэнэ. Үүнээс өмнө тэрээр Украйны гэрээ хэлэлцээртэй холбогдуулан мөн шүүхэд дуудагдах болсон бөгөөд АНУ-ын түүхэнд хоёр удаа импийчмэнтэд орсон цорын ганц төрийн тэргүүн болсон юм.
Ерөнхийлөгчийн байр сууринаас хийсэн сүүлчийн мэдэгдэлдээ Трамп эдийн засгийг аварсан тухайгаа дурджээ. Тэрээр “дэлхийн түүхэн дэх хамгийн агуу эдийн засгийг бүтээн байгуулсан. Бидний гол анхаарал хандуулсан зүйл баруун эсвэл зүүн, Ардчилсан эсвэл Бүгд Найрамдах нам байгаагүй. Бид улс үндэснийхээ эрх ашгийн төлөө ажилласан” гэжээ.
Дональд Трамп коронавируст цар тахлын үед хөл хорио, хорио цээрийн дэглэм баримтлахаас илүү эдийн засгаа аварч үлдэхийг эрмэлзсэн. 2020 онд Насдак индекс 42, S&P 500 15 хувиар өссөн. Гэвч АНУ-ын 26 сая орчим иргэн коронавирусийн халдвар авч 400,000 хүн нас бараад байна.
Дональд Трамп лхагва гарагийн өглөө Флорида руу нисэх юм. Түүний эхнэр Меланиа Трамп ч мөн Цагаан ордныг орхих ба санал асуулгаар 2016 оноос хойш хамгийн бага дэмжлэг авсан гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.