“Оюу Толгой” төслийн ЗГ-ын ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын дэд дарга, эрхэм дүү Б.Солонгод эргэцүүлэн дайх үгс
Эрхэм дүүгийн ажиллаж байгаа Засгийн газрын “гал тогоог” 1980-аад оны эхнээс удирдан хууль дээдлэх, улс төрөөс ангид байх, хувь хүн, аль нэг намын нөлөөг улс орны эрх ашгаас илүүд тавихгүй байх зарчмыг үе үеийн Засгийн газруудад баримталж ирж чадсан нэр нэгт, амьдай Ш.Солонго даргын үлдээсэн зайг орлохоор, “Ivy league”-н сургуулийг дүүргэсэн чадалтай боловсролтой, залуу бүсгүй томилогдсон мэдээг хувьдаа талархан хүлээн авч байсан маань саяхан.
ОТ төслийн талаарх мэдэгдэл, ярилцлагыг чинь өнгөрсөн долоо хоногт хэвлэлээс үзлээ. Нөгөөтэйгүүр дарангуйлагч болохоор санаархсан, далдын ашиг сонирхлыг дотоодын эрх ашгаас дээр тавьсан жонхуурсан Ерөнхийлөгч шүүх, прокурорт нөлөөлж энэ асуудлыг анхнаас нь гардсан хэдэн хүмүүсийг “далд хийж”, амыг нь хамхисан учраас арай дэндүү гүтгүүлж байгаа тэдний өмнөөс дуугарахгүй бол болохгүй нь.
Үгээ хэлэх, тайлбар өгөх боломжгүй хүмүүсийг эрхэм дүү эх орноо 22 тэрбумын өрөнд унагаасан хүмүүс болгоод зарлачихлаа. Олон нийтийн сүлжээний “халуурал” түр намжиг, асуудалд сэтгэлийн хөөрлөөр бүү хандаасай гэсэндээ өнөөдрийг хүргэлээ. ОТ гэрээ гэхээр л үсчдэг хэдэн популист улс төрчдөөс, мөн мэдээлэл, мэдлэг дутмаг хүмүүсээс арай өөрөөр асуудалд хандах болов уу гэж найдан өөртэй чинь уулзаж, танилцаж амжаагүй ч хэдэн санааг эрхэм дүүд илгээе.
1. Аливаа асуудалд улс төр, хууль эрх зүйн өнцгөөс хандахаас гадна ер нь “Common sense” гэж зүйл бий. Монголчууд бид цөлх ухаан ч гэж ярьдаг, эсхүл “Амьдралын хар ухаан” ч хэмээдэг. Эрхэм дүүгийн ярилцлагаас үзэхэд Рио Тинто манай Засгийн газарт 2051 он хүртэл ноогдол ашиг өгөхгүй, орлогын албан татвар бараг төлөхгүй, тэгээд дээрээс нь ЗГ-ыг 22 тэрбум долларын өрөнд орно гэсэн тооцоо гаргаж өгчээ дээ янз нь. Дахиад хар ухаанаар бодоод үзье. 34 хувийг эзэмшиж байгаа тал 22 тэрбумын өрөнд орохоор бол 66 хувийг эзэмшиж байгаа нөгөө тал бараг 2 дахин буюу 44 тэрбумын өрөнд орох нь. 66 тэрбумын өрөнд орох төслийг олон улсад хэн санхүүжүүлэх вэ? Нэмж санхүүжүүлэх нь байтугай, оруулсан хөрөнгөө нэн яаралтай татаж авна гээд бөөн юм болно биз дээ.
2. Нөгөөтэйгүүр эрхэм дүүгийн онцлон шүүмжлээд байгаа “Дубайн гэрээ” гэгчид чинь Монголын Засгийн газар болон Рио Тинто-гийн хүлээх үр өгөөжийн харьцааг 53:47 байна гээд анх удаа хоёр талаасаа хүлээн зөвшөөрч бичгээр үйлдсэн байгаа. “Дубайн гэрээ” гэж нэрлээд байгаа Санхүүжилтийн төлөвлөгөөний Ерөнхий зүйлийн 2.2-ын Б хэсэгт: ”Далд уурхайн ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу ОТ төслийн эдийн засгийн үр ашгийн хуваарилалт нь 2010 оны ТЭЗҮ-д тооцсон тооцоололтой нийцэж байгаа ба үүнтэй холбоотойгоор МУ-ын Засгийн газар нь ОТ төсөл хэрэгжих хугацаанд төслийн нийт үр ашгийн 53 гаруй хувийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авахыг цохон тэмдэглэж байна” гэсэн байгаа.
Энэ 53:47 хувийн үр өгөөжийн харьцуулсан бүх тооцооллыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагууд болох олон улсын хууль, санхүүгийн зөвлөх компаниуд Shearman Sterling, Comprador тухайн үеийн “Эрдэнэс Монгол” төрийн өмчийн компани хөрөнгө зарж төслийн нийт үргэлжлэх хугацаанд гаргуулсан. Энэ үр өгөөжийн задаргааг орлого, татварынх нь нэр төрөл бүрээр нь гаргасан байгаа. Энэ тооцооллыг 2015 онд хоёр тал хүлээн зөвшөөрч Дубайд Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Энэ тооцоолол нууц биш. Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг торны ард суулгасан болохоор ядаж тэр үед ажлын хэсэгт орж ажилласан Ч.Отгочулуутай уулзаад мэдээлэл авах хэрэгтэй. ОТ-ын асуудал аль нэг намын асуудал биш учир ЗГ, “Эрдэнэс-Монгол” компанийн институцийн залгамж чанарыг намчирхалгүй байнга хадгалж явах учиртай. Үүнийг улс төрийн тогоотой гүн гүнзгий холилдчихоогүй өөр шиг чинь хүмүүс илүү холбох ёстой юм. Өөрт чинь хэвлэлийн бага хурал хийж хэрүүлийн сэдэв шидэж чаддаг улс төрчид биш хэлэлцээр, гэрээн дээр ажиллаж хэцүү асуудлыг шийдэж чаддаг мэргэжлийн хүмүүс илүү хэрэгтэй. Ажлын хэсэг одоо өөрсдийн хөндлөнгийн олон улсын аудит ажиллуулахаас гадна урд нь ажилласан олон улсын зөвлөх хоёр байгууллагыг дахин дуудаж тооцооллоо нэгтгэх нь чухал. Тэгээд ч ЗГ-ын зүгээс Рио Тинто-той таван жил тутам гэрээг дүгнэж сайжруулж байхаар харилцан тохирсон. 2009 оны ХОГэрээг 2011 онд сайжруулж нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 2015 оны Санхүүжилтийн төлөвлөгөөг дүгнэх, нэмэлт өөрчлөлт хийх 5 жилийн цаг хугацаа ч өнгөрөөд байна.
2015 оны тооцооллоор манай тал зэсийн үнийг 6000 доллараас дээш байх тохиолдолд Монгол Улсын ЗГ төслийн үргэлжлэх нийт хугацаанд 22 тэрбум долларын өрөнд орох бус эсрэгээр 46 тэрбум долларын үр өгөөж хүртэхээр байгаа. Үүнээс ААН-ийн орлогын албан татвараар 14,5 тэрбум доллар орохоор бий. Хэрвээ манай тал 22 тэрбум долларын өрөнд орохоор байгаа бол, ААНОАТ-ыг дөрөвхөн жил төлөхөөр шинэ тооцоог нөгөө тал гаргаж ирж байгаа бол энэ 53:47 харьцаа хадгалагдах ямар ч боломжгүй болсон нь ойлгомжтой. Иймд харилцан тохиролцсон 53:47 харьцаа алдагдсан бол Дубайн гэрээнд өөрчлөлт оруулах эрх үүснэ. Арбитрт очилгүйгээр хоёр тал хэлэлцээний ширээний ард дахин суух эрхтэй, бас шаардлагатай боллоо гэсэн үг.
3. Энэ ажлыг хариуцаж яриа хэлэлцээ хийх гэж байгаа хүний хувьд, ширээний нөгөө талд суугаа нээлттэй, хяналттай компанийн удирдлага, хүмүүстэй нэг биш уулзсаны хувьд нэгэн зүйлийг эрхэм дүү аль хэдийн анзаараа биз ээ. Монгол Улсынхаа хамгийн том төслийг хөдөлгөх, сайжруулах эрхэм зорилго тавьсан хүмүүс хэзээ ч ширээний доогуур тохиролцох, хувийн асуудлаа шийдүүлэх, олны хардаад байгаа шиг авлига хахууль авах ямар ч боломж нөхцөлгүйг одоо эрх биш өөрөө ойлгоо биз ээ. 2009 оны ХОГ хэлцэл хийж байсан хүмүүсийг авлига авсан гэдэгт би огт итгэдэггүй, 2015 онд ч байдал яг ийм байсныг хяналт тавьж байсны хувьд би 100 хувь баталж чадна. Өнөөдөр ч эрхэм дүү ийм байдалд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Дээрээс захиалга авч, “Эзэн”-ий хатуу шахалтын доор ажиллаж байсан мөрдөгчид, прокурор, шүүгч нар ч хахууль, авлига авсныг “ОТ хэрэг” гэгч дээр хэний ч эсрэг нотолж тогтоож яллаж чадаагүй. Цаашид ч чадах ч үгүй, яагаад гэвэл хэзээ ч авлигын асуудал байгаагүй учраас тэр.
4. Манай дотоодод өр зээл, ногдол ашиг гээд мөнхийн маргаан дагуулж байгаа гол гогцоо УИХ-аас баталж ЗГ хэрэгжүүлэхээс өөр аргагүй байсан 34 хувийн санхүүжилт дээр гардаг. 34 хувийн ноогдол ашиг Монголын талын хүртэх үр өгөөж дотор хэдэн хувийг эзэлж байгааг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Гол асуудал, гол орлого мэт л андуурч улс төрждөг. 34 хувийн ноогдол ашиг бол манай хүртэх үр өгөөж дотор 20 хүрэхгүй хувийг эзэлдэг. Тийм ээ, ердөө 17 хувь! Бусад төрөл бүрийн татвар, төлбөр дийлэнх 80-аас дээш хувийг бүрдүүлж байнаа гэсэн үг. Манай 34 хувьд оногдох ногдол ашиг, Монголд ирэх мөнгөн урсгалын 17 хувийг л бүрдүүлж байгаа ч түүнийг хангахын тулд авсан зээл, зээлийн хүү төлбөр энэ бүх хэрүүлийг, улс төржилтийг, популизмыг, үл ойлголтыг төрүүлж байгаа болохоор уг хувийг өөр роялти татвараар солих нь зүйтэй гэсэн санал сүүлийн үед ихээр гарах болсон нь ч ийм учиртай. Эрхэм дүүд хэлэхэд 34 хувийг роялти татвараар солих шийдвэрийг УИХ-аар гаргуулна гэдэг амаргүй даваа. Босоо Ганбаа, Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ гээд поп ертөнцийн “Далай даян, дархан аваргууд” байгаа Их хурал шүү дээ. Наадуул чинь асуудал яаж шийдэх үү гэдгээс илүү ард олноос яаж оноо цуглуулахаа л боддог хүмүүс.
5. Энэ бүхнийг даваад УИХ-аас шийдвэр гаргуулж чадлаа гэж бодъё. Улс нийтийн эрх ашгийн төлөө хувийн асуудлаа умартан зүтгэсэн хүмүүст төрийн нэрийн өмнөөс улс төр ямар “шагнал” өгч шорон оронд томилолт өвөртлүүлдгийг төрийн байгууллагынхан одоо сайтар ойлгож санаа сэтгэл дотроо айж хулчийсан байгаа. Тэд хэзээ ч санал санаачлага гаргахгүй, гагцхүү хэлсэн шахсанаар чинь дуртай дургүй хөдөлнө. Ачааны хүндийг өөрөө л үүрнэ гэсэн үг. Ерөнхий сайд чинь, ХЭГ-ын дарга чинь энэ асуудлыг шийдэх улс төрийн манлайлал үзүүлэхгүй, зориг зүрх гаргаж шийдэхгүй л бол өөрөө мянга чардайгаад ямар ч нэмэргүй, үр дүнгүй ажил болоод л өнгөрнө. Ядаж байхад эргэн тойронд чинь өнөөдөр инээж нуруугаар тэврэх ч маргааш хэрэг гарвал нуруу руу чинь хутгалах зантай хүн нэг бус байгаа.
6. Эрхэм дүүгийн ажил хийх, асуудал шийдэх урам зоригийг мохоох гэсэнгүй. Бодит үнэнг л мэдэр гэсэн юм. Хэрвээ 1979 онд Эрдэнэтийн гэрээг анх хийсэн хүмүүсийн зөвхөн Зөвлөлтийн хэлсэн маш доогуур үнээр зэсийн баяжмалаа худалдана, 2003 он хүртэл татвар авахгүй, үйлдвэрээс ашиг авах бүү хэл төсвөөс татаас өгнө гэдэг заалтууд өнөөдрийн нээлттэй нийгэмд байсан бол бараг цаазын ял сонсох байсан биз. ОТ дээр үүнээс хамаагүй дээр гэрээ хийсэн хүмүүс өнөөдөр эрх чөлөөгөө хасуулаад шоронд хадагдаад байна. Харь улс руу ашгийн тал хувь нь урсаж байсан Эрдэнэтийг сонголтгүй нөхцлөөр Монголдоо буцааж авчирсан хүмүүс ч өнөөдөр ялтан болоод сууж байна.
Хэлэлцээ хийгээд хичнээн ахиц дэвшил гаргасан ч эрхэм дүүг попуудын өлөн сүрэг хүлээж байгаа. Ногдол ашгийн хугацааг хичнээн наашлуулсан ч тэд өнөөдрөөс эхэлж авах байсан юм л гэнэ. 34 хувийг роялти татвар болгох гэвэл монголчууд баялгийн ордоо Рио Тинтод 100 хувь бэлэглэж, тэг хувьтай хоосон хоцорлоо л гэж мушгина, татварын маргаанаа нэг тийш болговол гүйцэд авсангүй ээ л гэнэ. ОТ-г л шүүмжлэх нь миний дахин сонгогдох баталгаа гээд бооцоо тавьчихсан сүрэг цөөвөр л байгаа гэж мэд. ОТ төслийг эх орондоо яаж ч ашигтай шийдсэн ч сайнаар бодоход шүүмжлүүлж хараалгуулна, саараар бодоход 2009, 2015 оны ах нартайгаа “хам хэрэгтэн” болох хувь заяа эрхэм дүүг хүлээж байгаа болохоор тэр.
7. Ажил хариуцаж байгаа хүний хувьд хэвлэл мэдээлэл Чуулган, Засгийн хуралдаан дээр хэлж байгаа үг, байр суурь болгон чухал ач холбогдолтой. Ганц ярилцлагаараа хэдэн хүнд 22 тэрбум долларын төлбөр тавихаас илүү уршиг, үр дагавар гарч болно. Гэрээ хэлэлцээрт нөлөөлөхөөс авахуулаад гадаадын хөрөнгө оруулалт, төгрөг долларын үнэ ханш, хөрөнгийн биржийн үнэ ханшид ч нөлөөлнө. Ковид өвчин мэдээж хазаарлагдана, хил гааль худалдаа нээгдэнэ. Өнөөдрийн манай агшсан эдийн засгийг хурдан тэлэхэд гадаадын хөрөнгө оруулалт л хамгийн чухал үр дүнг өгнө. Ядаж өөр шиг чинь хүмүүс гадаадын хөрөнгө оруулалтын талаар Босоо Ганбаа шиг хамаагүй хандмааргүй байна. Гадагшаа дуугарч байгаа сувгаа нэг болгох хэрэгтэй. Өнөөдөр нэг нь гарч ирээд ЗГ гэрээг цуцална гээд, маргааш нь нөгөө нь болчимгүй мэдэгдлээ засах гээд цуцлахгүй гээд байх юм бол ажилд тус гэхээсээ илүү ус л болно.
8. Монголчууд нэгдэж нийлж байж л Рио Тинто шиг үндэстэн дамнасан том корпорацитай эн тэнцүү хэлэлцээ хийж, хамтарч чадна. Өнгөрсөн жилүүдийг эргэн харахад бид дандаа дотроо хэмлэлдэж, гаднаа өгөөш өгч, бие биенээ харлуулж, гүтгэж хорьж цагдаж байснаас гадагшаа нэг хүч болж хэзээ ч ажиллаж чадаагүй иржээ.
Нөгөөтэйгүүр Засгийн газар, Рио Тинто хоёр нэг завинд суусан нэг эрх ашигтай, олбол хамт олно, алдвал хамт алдана гэдгээ хаана хаанаа ойлгох цаг иржээ.
Эцэст нь эрхэм дүүд нэгэн зүйлийг захья. Намайг Ерөнхий сайдаар томилогдох үед Их Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Тони Блэйр баяр хүргэж захидал ирүүлсэн юм. Тэр “Ерөнхий сайдаар ажилласныхаа дараа би зарим асуудал дээр арай л зориг зүрхтэй, шийдэмгий байж чадаагүйдээ дараа нь их харамссан, миний энэ алдааг битгий давтаарай” гэж надад зөвлөж байсан юм. Энэ нь ч дараа нь хүнд хэцүү шийдвэрүүд гаргахад надад их нөлөөлсөн. Ингэснээр ч ОТ-ын гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, ОТ-с дутахгүй том үйлдвэр болох Эрдэнэтийг сонголтгүй байсан ч Монголдоо буцааж авчрах шийдвэрүүдийг зоригтой гаргаж чадсан юм. Гэхдээ өнөөдөр шүүмжлүүлж, гүтгүүлж доромжлуулж байгаа ч маргааш Монгол эх оронд минь, Монгол түмэнд минь хэрэгтэй шийдвэрүүд байсан нь өдөр ирэх тутам улам тодорхой болно. Үүний ч нотолгоо болж өнөөдөр хөршөөсөө асуулгүйгээр хүмүүсийнхээ цахилгаан, дулааны мөнгийг даах шийдвэр гаргах боломж нэгэнт бүрджээ.
Ирээдүйд ОТ төсөл Монголыг минь авч явах болохоор, төр түмэндээ зүтгэсэн зөв, үр дүнтэй өв үлдээх болохоор, үр хүүхдүүд маань энэ төслийг улс төрийн капиталаа золин байж хийсэн хүмүүсийг зөвөөр ойлгож хүлээн авах нартай өдөр ирэх нь ойлгомжтой учраас асуудал хариуцсан хүний хувьд эрхэм дүү энэ асуудлын ард гарахаас өөр аргагүй. Эс зоригловоос эсхүл эртхэн ажлаа өгсөн нь дээр. Санаа зөв бол заяа зөв ч гэдэг. Амжилт хүсье, эрхэм дүүд!
Хүндэтгэсэн,
Монгол Улсын 28 дах Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ОТ төслийн гүний уурхайн их бүтээн байгуулалтыг эхлүүлж чадсан Ч.Сайханбилэг.
2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Udahgui deelee nomroh tsag chini irne
Uhsenee hutsaa Saikhnabileg sda, pzzda llarr gichi, pzzzzda....
engej bolohgui ch mongol hun l yum bol harinch ajil awsan hundee uram ogch ooriinhoo zow turshilgiig helj tuslah ni eh oronch mongol hun bolsoniig chin tumen olon oilgoh bolno
Америкаас Хуцаад яахав ээ Үеийн үед үнэ цэнэгүй амьтан болсон шүү. Үр хүүхэд чинь ч нэр бүтэн явахгүй байх аа даа чамаас болж . Олон улсын арбитрын шүүхэд ялагдуул гээд мессеж бичиж дарамтлаад тамгын хуульч залуу баримттай яриад хэн гэдгийг чинь ойлгуулсан чи бол урвагч увайгүй луйварчин шүү .
Bofoh l asuudal humuuswe ter Dubain geree gegchiig u shsan humuus bgaa yum uu yalanguya. End commentbicheed bgaa humuus bilav guotsed unshaagui lbgaa
Сайханбилэгийг хараахаасаа өмнө бичсэн захидлыг нухацтай уншаад ,авах гээхийн ухаанаар хандмаар санагдана. Хүнийг хараах харлуулах амархан ч хэлсэн зүйлийн дотор хэрэгтэй зүйлс байгааг анхаармаар....
Тоног төхөөрөмж хүүтэй худалдаж авч байгаа бид нар гадны компанид хувь эзэмшүүлдэг нь ямар учиртай юм? Газараа ухаад өрөнд орж байгаа хүмүүс ухахгүй байсан бол баялагтай өргүй байх байлаа
Чамд олигтой жан ч олдохоо өнгөрсөн хэлхээтэй хэдэн ясаа харь оронд булуулмар
Mash zuv bichsen baina. Khumuus bodoj tungaan bizdee
66 хувийг эзэмшиж байгаа талдаа төлөх өртэй хоцрох гээд байна.
Оргодол хулгайч заавар зөвлөмж өгөхгүй ээ ажлаа хийж байгаа хүн рүү чулуу нүүлгээд хэрэггүй чамайг тун удахгүй барьж ирэх байлгүй дээ үлбийсэн новш минь