Ардын жүжигчин А.Очирбат гуайтай гудамжинд болзож, гавьяат жүжигчин З.Жарантав гуайн гурилыг элдэж өгсөн нэг өдөр бүхэлдээ нэрт жүжигчин Ж.Доржлигжав агсанаар “амьсгалсан” юм.
Нэгэн цагт түүний тэнгэрлэг инээдэд сүлэгдэж явсан мэргэжил нэгтүүд нь Ж.Дорлигжав гуайг дурсахаас ер татгалзсангүй. Болзсон цагаасаа нэг минут ч хоцроогүй А.Очирбат гуай цэцэрлэгт гудамжид эртээ урьдын түүх сөхөх гэж буй мэт бодлогширонгуй агаад яаралгүй алхангаа “Гайхамшигтай, гүндүүгүй жүжигчин” хэмээн яриагаа эхэлсэн бол З.Жарантав гуай “Айлд орж ирсэн хүн хоол идэж гардаг юм. Яарч байгаа бол гурил элд” гэсээр бидний яриа өрнөсөн.
Түүний яриаг уншихын өмнө хамтдаа жүжигчин Ж.Дорлигжав агсаныг нэг эргэн саная.
…Азийн тэнгэр байвал даа Гочоо минь ээ хө
Ааваас бусдыг олно доо Гогоо минь ээ хө
хэмээн машиныхаа бүхээгт багтаж ядан дүүхэлзэх сагсуу эр, сумын наадамд зодоглохоор замд гарсан ч унаж явсан мотоциклио эвдэж, дүүрч явсан хонио алдаж, өмсч явсан дээл, бүсээ шатааж хөглөдөг хэнэггүй эрийн дүрийг нь л санахад хангалттай. “Мөнгөн буйл”, “Тууврын замд”, “Хярааны хонхорт” гэх мэт дэлгэцийн олон бүтээлд үлдээсэн дүр болгон нь бараг хэлсэн үг, хийдэг хөдөлгөөнтэйгөө сэтгэлд зураг шиг үлджээ. Зурвас гараад өнгөрсөн ч үзэгчид тэр жүжгийг, киног тэр дүрээр нь л эргэн санатал тоглодог жүжигчдийн нэг бол яах аргагүй тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Ж.Дорлигжав. Тэр байгаагаараа л хүмүүст инээд, баяр баясал бэлэглэдэг хүн. Тэрчлэн хэнэггүй, гудиггүй юм шиг атлаа хачин их нөмөртэй, нөөлөгтэй хүн. Нэгэн андынх нь хэлснээр “бухын хүзүү оргисон” лагс хэрнээ хүүхэд шиг цагаан үнэнтэй. Энэ бүхэн нийлэхээрээ тэр зүгээр л хайрламаар хүн. Харин найз нөхөд нь түүнийг “Жинхэнэ монгол эр хүн” гэдэг.
Ж.Дорлигжав гуайн тухай яриа зүгээр урсаад л явчих юм. Анд нөхдийнхөө сэтгэлд тэрээр амьд ахуйн алхам бүрдээ хэзээ ч мартагдахгүй дусамжийн цэцэг тарьж өгдөг байжээ гэмээр, тийм л энгийн атлаа сонсоод л баймаар дотно, хайрламаар түүний тухай яриа…
Гавьяат жүжигчин З.Жарантав ингэж ярив.
-Баянхонгор аймгийн театрт байхад нь төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Г.Гомбосүрэн багш маань хотод авч ирж байсан юм. Тэгэхэд Дорлигжаваас гадна Д.Лхамхүү гэж “Түмний нэг” киноны Чимид багшийн дүрд тоглодог жүжигчнийг бас Баянхонгороос авч ирж байсан. Манай Доолиогийн жүжиглэлт их энгийн шүү дээ. Фантаз, тогтоолт их сайтай. Би уран бүтээлийн ангийн дарга байх үед “Хоёр эзний нэг зарц” жүжигт Г.Гомбосүрэн багш тоглох байсан чинь гэнэт хойшоо /Орос руу/ явж, “Оттелло”-д тоглох шийдвэр гардаг юм байна. Нэгэнт жүжгийн тасалбар нь зарагдсан байсан учраас нэгдүгээрт бие том, Г.Гомбосүрэн багштай ойролцоо учраас хувцас нь таарна, хоёрдугаарт тогтоолт сайтай учраас Дорлигжав л “барах” байх гэж бодсон. Тэгээд “Хоёр эзний нэг зарц” жүжгийн гол дүрийг түүнд өгсөн юм. “За нөхөр минь энэ жүжгийн үгийг тав хоногийн дотор өөрийн болго” гэсэн чинь “За” /Дорлигжав агсаныг яг дуурайж ярьж байв/ гээд л явсан. Дөрөв хоногийн “За Жааяа үг бол толгойд. Одоо дүрдээ орох хэрэгтэй байна” гэж байгаа юм. 300-гаад хуудас үгийг дөрөв хоногийн дотор цээжилчихдэг, тийм агуу. Гэхдээ манай Доолио дээд боловсролтой жүжигчин биш шүү дээ. Өөрөө их уншдаг, ард түмний үг хэллэгийг их судалдаг.
-Жүжигчин хүн яаж хэлж байгаа үгээ мартагдахгүйгээр тэгж донжтой хэлдэг юм бол?
-Жижиг дүрийг ч том болгож гаргадаг жинхэнэ халх жүжигчин шүү дээ. Жинхэнэ монгол эр хүн. Хувийн номер бол агуу. Өнөөдөр хошин шогийг хоёр, гурвуулаа нийлж хийж байна шүү дээ. Гэтэл манай хүн бол ганцаараа хийнэ. Нэг удаа манай театртынхан Москва руу урилгаар явах болсон юм. Тэгэхэд би санал гаргаад, “Д.Цэрэнпагма, Цэрэндарьзав, Дорлигжав бид дөрөв үлдэж, орон нутгаар тоглолтоор явна. Буцаад ирэхэд та нарын цалингийн чинь мөнгийг олчихоод байж байя” гэсэн. Театрын удирдлагууд ч зөвшөөрсөн. Харин манай хэд дурамжхан байна аа. Д.Цэрэнпагма “Тэр сайхан Москва руу явах гэж байхад Жааяа ахаас боллоо” гээд дүргүйцэж байна. Д.Цэрэндарьзав бол дуугарахгүйгээр дүргүйцлээ хэлж байна. Тэгсэн чинь Ж.Дорлигжав ямар байна гэсэн чинь “Жааяа хаашаа би тийшээ” гэж байгаа юм. Бид 45 хоног орон нутгаар яваад, орлогоо давуулан биелүүлээд ирж байлаа. Тэгэхэд бид нэг олз олсон юм. Архангайд байхдаа номын сангаар орж Ж.Барамсайн зохиол “Би яасан юм бэ” гэдэг өгүүллэгийг уншсан чинь Дорлигжавд таармаар санагдлаа. Тэр оройноо хоёулаа сургуулилт хийхэд манай хүн хоёр уншаад л толгойдоо хийчихэж байгаа юм.
-Хувь хүн талаас нь яривал?
-Их даруу, дөлгөөн хүн байсан. Амьдралдаа ер нь уурлаж үзээгүй. Нэг өдөр над дээр хүрч ирээд Жааяа “Би амьдралдаа анх удаа уурлаж үзлээ” гэж байна. “Яасан” гэсэн чинь “хагас хэл мах авсан юм. Орой хоол хийгээд идье гэсэн чинь манай бага /хүү нь/ нөгөөхөөр чинь будаатай хуурга хийгээд тав, зургуулаа цохиж байхгүй юу. Аавдаа тавиагүй юм уу гэсэн чинь чимээгүй болчихож байгаа юм. Тэр чинь тавиагүй гэсэн үг байхгүй юу”. Тэгэхээр нь уур хүрээд гараад ирлээ гэж байгаа юм. Уурладаггүй болохоор ч тэр юм уу тархиа их сайхан амрааж чаддаг. Тийм болохоор толгой тавиад л нам унтана. Толгой тавилаа, нэг хоёр гурав гэхэд Дорлигжав хурхирч байх жишээтэй. Хажууд нь ямар ч чимээ гарсан хамаагүй. Нэг удаа Москва руу вагоноор явахад дөрвөн хухирдагийг нь нэг купенд хуваарилсан. Тэр нь Ж.Дорлигжав, Л.Нямсүрэн, н.Даваасүрэн, Г.Мягмарнаран.
-Түүнийг хатуу юманд жаахан дуртай хүн байсан гэдэг?
-Ууна. Гэхдээ тааруулна. Хэр баргийн юманд согтохгүй. 3-4 шил архийг тоохгүй ууна. Яагаад даадаг вэ гэхээр масло их иддэг. Аягатай цайнд атгасан гар шиг масло хийж хутгаад уучихна. Өөх ч адилхан. 3-4 хуруу зузаан хавирганы өөх байхад “Надад өөхийг нь өгчих” л гэнэ. Манай хүн зүрх нь гэнэт зогсож нас барсан шүү дээ. Би боддог юм. Өөх тос их идсэн нь нөлөөлсөн байх гэж. Учир нь би сая нэг ухаан алдаж, явах дөхсөн. Эмч нар “Судас чинь холестрин ихтэй байна. Өөх тостой зүйл их идэхээр цус нь өтгөрөөд шууд харвалт өгдөг гэсэн.
-Гэр бүлийнх нь талаар та хэр мэдэх вэ. Эхнэр Ичинхорлоотой нь уулзах гэтэл эмнэлэгт байна гэсэн?
-Хадам ээждээ их хайртай. Эмээ гэж дуудна. Хүүхдүүдээс нь хамгийн адилхан нь Туяа гэж нэг охин бий. Түүний зүс царай, алхаж гишгэж байгаа нь хүртэл яг аав. Доолио маань амьдралдаа их ч зовлон үзсэн. Тэр минь, энэ минь явчихлаа яана аа гэж ярьдаг байсан. Эхээс нэлээд олуулаа байсан. Гэхдээ ааваасаа өмнө нас барсан шүү дээ, хөөрхий.
-Байнга хэлдэг үг нь?
-Туучий чинь л гэдэг юм. Дорноговьд Санжмятав гэж жүжигчин байсан. Тэр бас Доолио шиг жинхэнэ халх жүжигчин байсан юм. Тэр хоёр их найз. Дорноговьд очихоороо “Нөгөө туучий чинь хаачив. Радиогоор Дорлигжав тоглоно гэж зарлаад байхад ирэхгүй юм” гэнэ.
-Найранд гурван дуу, наадамд гурван даваатай л байсан биз?
-Тэгэлгүй яахав. Баянхонгорын театрт байхдаа бүр дуучнаар ажиллаж байсан гэж бод. Бас сумын заан цолтой. Нэг удаа хоёр нөхөр хэрэлдэж байхад нь очоод “Чи яасан их хүн зоддог юм. Оронд нь намайг зодчих” гээд шанаагаа өгч л дээ. Халамцуу нөхөр ч хөндлөнгөөс орж ирсэн түүнд авах гээд байгаа шанааг нь өгч. Тэгтэл “за болсон бол би явж унтлаа” гээд яваад өгсөн гэж байгаа. Маргааш нөгөө залуу “За ах минь намайг уучлаарай” гээд ирсэн байгаа юм. Тэгэхэд нь “За миний хүү амьдралдаа дахиад битгий хүн зодоорой. Би чамайг зодвол алаад хаячихна шүү дээ. Би муу ч гэсэн сумын заан хүн шүү” гэсэн гэдэг. Нээрээ бөх гэснээс нэг хөгтэй зүйл ярихад нэг удаа манай хүн бөхийн тухай зохиол уншиж байж л дээ. “Гурвын даваанд Дэмүүл аваргатай барилдаад дотуур дэгээ ороогоод суйлаад хаячихсан” гэж түүнийг ярьсан чинь тэр тоглолтыг үзэж суусан Дэмүүл аварга “Хүүе яасан худлаа ярьдаг нөхөр вэ. Би энэтэй чинь ер барилдаж байгаагүй” гэсэн гэдэг. “Долдугаар сарын 10-ны шөнө ингэж зүүдэлсэн юм” гэж дуусгасан чинь “Тэр тэгнэ. Зүүдэлсэн байж таарна. Би чамтай барилдаж байгаагүй биз дээ” гэж үзэгчдийн дундаас лавласан байгаа юм.
-Дорлигжав гуайг гавьяат аваагүй гэж ёстой бодож байсангүй шүү.
-Гавьяат цол өгөх нь битгий хэл театраас хөөсөн шүү дээ.
-Яагаад?
-Тухайн үед хууль, дүрэм ч чанга байсан. “Найрын ширээний ууц” жүжгийн гол дүрд тоглох байсан чинь манай хүн байдаггүй. 30 минут өнгөрөөд ирэхгүй болохоор нь тасалбараа буцааж байсан чинь ирдэг юм байна. Тухайн үед чинь Дорлигжавгүй тоглолт байхгүй байлаа. Тэгээд хотоос зайдуу нэг албан газарт тоглолт хийж байгаад дууссан чинь хүргэж өгөх унаагүй болчихож гэнэ. Манай хүн яахав, тайван юм чинь, хүн дөхүүлж өгөхийг нь хүлээгээд л суухгүй юу. Болохоо байхаар нь “Нөгөө унаа яасан бэ, тэнд “Найрын ширээний ууц” сүйд болж байгаа шүү дээ” гэсэн байгаа юм. Халагдсаны дараахан нь буцааж авах болоод тайлан тоглолт хийснийх нь дараа тушаал гаргая гэж байтал өөд болсон доо.
Ардын жүжигчин А.Очирбат:
-Гайхалтай, олон талтай жүжигчин байсан. Тоглосон дүр бүхэн нь гайхамшигтай байдаг. Би “Тэнгэрийн муухай арилдаг” кинонд цуг тоглож байсан юм. Хамт тоглоход дэм тус багатай жүжигчид байдаг. Харин Дорлигжав бол ямар ч үгийн хариуд яг тааруулаад л өгдөг. Ер нь хамтрагчаа дагуулаад явчихдаг жүжигчин байсан юм. Их гүндүүхэн эр хүн дээ. Бэлэн хошин үгтэй. Энгийн амьдралдаа ч гэсэн дандаа инээдэм болгоно. Жишээ нь “Хөөе Доолио нүд өвдөөд яах вэ гэхээр. “За хө, нүдэнд чинь хон хэрээ л сайн гэдэг юм даа” гэх юм уу “Хөл өвдөөд яах билээ” гэхээр “За хө хөлөнд чинь төмрийн хөрөө л сайн гэдэг юм даа” гэдэг.
Түүний тухай дотно, дулаахан мөрүүдийг гавьяат жүжигчин З.Жарантавын үгээр төгсгөе. “Ж.Дорлигжав бол төрөлхийн агуу авьяас, хүнлэг чанар, гүндүүгүй монгол төрх,тархины задаргаа сайтай, дотроо авдартай хүн. Ер нь жүжигчин хүн уран бүтээлийн сангаа хадгалдаг тийм авдартай байх хэрэгтэй”. Тийм ээ, Ж.Дорлигжавыг мартах учиргүй. Гавьяат жүжигчин цол энгэртээ зүүгээгүй ч монголчуудын сэтгэлд тэр хэдийнэ гавьяатай жүжигчин.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
сүрэн паран аймгийн ул боов сумын гээд монгол бичгийн тухай нэг этюд уншдаг байсан даа.
Сүрэн паран аймгийн ул боов сумын сүү тасгийн газарт 2 литр чицага хүргүүлэв. Хүлээн авсан цэнд хөлөөн жийсэн шавар
Харамсалтай юм бэ. Албадлагагүй, их гоё энгийн, задгай тоглолттой. Одоо амьд бол АЖ авах л байсан даа.
Нөхөж өгч болдоггүй юм байх даа. Үнэхээр мундаг жүжигчин байсан. Одооны гавьяат цолыг бараг захын хошин шогийнхон аваад л байна
ODOOHI GABYAT 2 DUU DUULAD GABYAT XOSHIH SHOG 2 JIL TOGOLOD L ABDAG BOLJDEE ARAI UY DEEXNE UYD BOL XIISEH UYMTAI XELEX UGTEI XYH ABDAG BAILAA SHYY DEE
Үр хүүхдүүд нь хаана явдагын болдоо.Туяа эгч, Батааа гээд хүүхэдүүд бна ууу.
Gavyat ugmuur umaa. Uneheer mundag jujigchin baisan hen ch haraad medne dee . Nuhun shagnal ugvul Mongoliin ard tumen ch bayarlana daa . Uguusei !!!
Аугаа жүжигчин байсан даа энэ олон жилд үзэгчдийн сэтгэлд үлдэнэ гэдэг. Тоглосон дүрүүдэд нь хайртай шүү
Нөхөөд л өгмөөр юм үр хүүхэд нь баярлаг
iim mundag hund gaviyag n uneleed shagnaliig n nohon olgoj boldoggui yum.bolov uu
Ochigdor bi yasniig medsen yy ... medeegyi yu bi bas medeegyi bna
Төрийн албанд ажилладаг албан хаагч нар аав ээждээ алтан гадас хөдөлмөрийн гавьяаг албан тушаалаа ашиглаад аваад өгчихдөг амархан болчихсон бна лэ