Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос хэсэгчилсэн хөл хорио тогтоосон 17-р хорооны нөхцөл байдлын талаарх тойм мэдээг хүргэж байна.
Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 11-нд сэжигтэй тохиолдол илэрснээс хойш халдварын тохиолдол эрчимтэй өсч 1 дүгээр сарын 13-нд 16 тохиолдол бүртгэгдсэн. Иймээс халдварын голомт тархахаас урьдчилан сэргийлж 2021 оны 01 дүгээр сарын 13-ны А/08 захирамжаар 2021 оны 01 дүгээр сарын 14-нөөс 16-ныг дуустал Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоож, 18-аас дээш насны 6475 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан.
Үүний дагуу байнгын дөрвөн цэг, явуулын долоон баг ажилласан. Тухайн хорооны иргэдэд зарлан мэдээллэх зорилгоор 30 албан хаагчид 17-р хорооны 2770 өрхөд утсаар мэдээлэл өгч өрх нэг бүрд мэдээлэл өгсөн. Мөн боловсролын хэлтсээс 1339 эцэг эх асран хамгаалагчтай утсаар болон цахимаар холбогдож шинжилгээнд заавал хамрагдах мэдээллийг хүргэсэн.
Шинжилгээнд иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор Цэргийн штаб, Боловсролын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой Байдлын Хэлтэс, нийт 230 албан хаагчдыг дайчлан 11 баг болгож айлуудыг гудамж, хаалгаар нь хуваарилж, иргэдийг шинжилгээнд хамрагдсан эсэхийг лавлан өгөөгүй иргэдийг шинжилгээнд хамруулсан.
Ийнхүү ажилласны үр дүнд 17-р хорооны 5231 иргэнийг шинжилгээнд хамруулсан. 17 дугаар хороо нь гэр хороолол, шинжилгээ авахад тохиромжтой объект байхгүй учраас зөөврийн түр хоёр байрыг байрлуулан шинжилгээний цэг үүсгэсэн. Мөн ЕБС-ийн сурагчдын автобусыг ашиглаж явуулын шинжилгээ авах долоон баг ажиллуулсан.
Дээрх ажлуудыг хийсний үр дүнд өнөөдрийн байдлаар 9,17-р хорооноос нийт 50 тохиолдлыг илрүүллээ. Үүнээс 9-р хорооны 18, 17-р хорооны 32 тохиолдол бүртгэгдсэн.
Нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед иргэн та үйлчилгээний төвөөр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ барьж, заавал QR код уншуулж хэвшээрэй. Ингэснээр та өөрийгөө болон хайртай бүхнээ болзошгүй эрсдэлээс сэргийлж чадна хэмээн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэр хэсгээ 14 хоног хэсэгчилсэн хорио тогтоох хэрэгтэй байхаа