УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Уг хууль батлагдсанаар иргэдийг шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь хангах зорилго нэг шатаар урагшилж байна гэж хууль санаачлагчид үзэж байна.
Шүүхийн тухай хууль бол Үндсэн хуулийн нэг том салаа мөчир, хуулийн засаглал, шударга ёсны суурь юм. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчим энэ хуулиар бодитой хэрэгжинэ. Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх нь нээгдэж байна гэж үзэж байна. Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сард өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төсөл дээр ажлын хэсэг дөрвөн сар гаруйн хугацаанд ажилласан.
Шүүхийн тухай хуулийг хэлэлцэн батлахдаа үг, үсэг заалт бүрээр санал хураалт явуулсан. Энэ цагаас эхлэн эзэнтэй, эрх мэдэлтэй, эдийн засгийн хараат шүүгч хэрхэвч байж болохгүйг хуулиар хааж хязгаарлаж өгсөн. Шүүгч нар бие биедээ нөлөөлдөг, дарамталдаг байдал энэ хуулиар эцэс болж байна.
Шүүгч нарын томилгоог нэг хүний гарт төвлөрүүлж, хонгил үүсгэх асуудал энэ цаг үеэс төгсгөл болж байна. Өмнө нь дөрвөн тусдаа хуулиар зохицуулж байсан хариуцлагыг Шүүхийн тухай багц нэг хуулиар зохицуулдаг боллоо. Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлж, шүүгчдэд хориглох 40 гаруй зөрчлийг тусгаж өгсөн. Хариуцлага алдсан ёс зүйгүй шүүгчид хариуцлага тооцох хараат бус Сахилгын хороо энэ хуулиар ажиллаж эхлэх бололцоотой боллоо.
Шүүгчийг хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, томилох журам, тавигдах шаардлагыг хуульд тусгасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тавыг нь шүүгчдээс, мөн тавыг нь УИХ нээлттэй сонгон шалгаруулалт хийж томилно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд тавигдах шаардлага ч нэмэгдэнэ.
Эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан хууль зүйн өндөр мэргэжилтэй, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй зэрэг шаардлага тавина. Шүүхийн шийдвэр бүхэн үндэслэлтэй байж, ил тод байхыг энэ хуулиар үүрэгжүүлж байна. Сайн хуулийг муу хэрэгжүүлж, амийг нь тасалдаг алдаа гаргаж болохгүйг шүүгч нартаа сануулж байна. УИХ-аас баталсан Шүүхийн тухай хуулийн хувь заяа шүүгч нарын гарт очиж байна. Шүүх эрх мэдэл бол ард түмний хүсэмжлэлийн бодит биелэл байх ёстой
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.