АНУ-ын 46 дахь төрийн тэргүүн Жо Байден ирэх лхагва гарагт тангаргаа өргөнө. Үүнээс өмнө тэрээр коронавируст цар тахлын улмаас хүнд байдалд орсон эдийн засгийг сэргээх 1,9 их наяд ам.долларын тусламжийн багц танилцууллаа.
Хэрэв конгрессийн гишүүд шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн саналыг баталвал айл өрхүүдэд нэг их наяд ам.долларын тусламж үзүүлэх ба АНУ-ын бүх иргэнд тус бүр 1,400 ам.доллар бэлнээр тараах юм. Мөн цар тахалтай тэмцэхэд 415 тэрбум, жижиг дунд бизнесс эрхлэгчдэд 440 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхээр багтаажээ.
АНУ нь коронавируст цар тахлын тархалтаар дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд 24 сая иргэн халдвар авч, 400,000 орчим хүн нас барсан байна. Байдены сонгуулийн кампанит ажлын гол амлалтуудын нэг нь цар тахалтай тэмцэх юм. Тус улсад хоногт коронавирусийн 200,000 шинэ тохиолдол илэрч, 4,000 орчим иргэн нас барж байна.
Байден Делавер мужийн Вилмингтон дахь гэрээсээ пүрэв гарагийн орой оргил цагт мэдэгдэл хийсэн. Ингэхдээ “Хүн төрөлхтөний хямрал хавтгайрч байна. Цаг хугацаа алдаж болохгүй. Манай улсын эрүүл мэндийн салбар гацаанд орсон. Бид нэн даруй арга хэмжээ авах ёстой” гэжээ.
Тэрээр нэн түрүүнд Америкчуудыг бүх нийтээр вакцинжуулах хөтөлбөрт 20 тэрбум ам.долларыг зарцуулах бөгөөд 100 хоногт 100 сая вакцин тарина гэж төлөвлөсөн. Ирэх хавар гэхэд сургуулиудыг нээхийн тулд 130 тэрбум, шинжилгээнд 50 тэрбум ам.долларыг зарцуулахаар төлөвлөж байна.
Улс орон даяар 11 сая орчим иргэн ажилгүй болсон учир долоо хоног бүр тэдэнд олгож буй 300 ам.долларын тэтгэмжийг 400 ам.доллар болгож нэмэгдүүлнэ гэжээ. Үүнээс гадна хөдөлмөр эрхлэгчдийг дэмжихийн тулд цалингийн доод хэмжээг цагийн 15 ам.доллар болгох саналыг конгресст хүргүүлэхээр бэлдэж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.