Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодын цаана байрладаг буюу Баянзүрх дүүргийн 11, 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уул дүүргийн 13, 14, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны оршин суугчид болон тухайн хороонд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчид шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэхдээ заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо. Харин дээрх хороодын иргэд иргэний зорчих хөдөлгөөнийг хянах qr.ulaanbaatar.mn системд иргэний үнэмлэхний qr кодыг уншуулж нэвтрэх юм.
Энэхүү системийг ашиглан алслагдсан хороодын иргэд хот руу нэвтрэх ажлыг өнөөдрөөс нийслэлийн дөрвөн дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн. Цаашдаа алсын буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэгт уг системийг нэвтрүүлж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэж байх юм.
“Зайлшгүй хот руу нэвтрэх шаардлагатай иргэд оршин суудаг хорооны шуурхай штабт хүсэлтээ гаргаж бүртгүүлснээр товчоодоор орж гарах эрх нь нээгдэх юм. Иргэд тухайн хороон дээр бүртгүүлэхдээ өөрийн зорчдог хувийн автомашины дугаарыг бүртгүүлж QR үүсгэж болно. Ингэснээр заавал иргэний үнэмлэхээ уншуулах шаардлагагүйгээр автомашины QR кодыг уншуулж зорчиж болно гэсэн үг. Харин нийтийн тээврээр зорчигчид биедээ иргэний үнэмлэхээ зайлшгүй авч явах шаардлагатай. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр ажиллаж буй цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын алба хаагчид өөрсдийн гар утсаараа иргэдийн иргэний үнэмлэхний qr кодыг уншуулж хяналт тавина. Хяналтын үед иргэдийн хувийн мэдээлэл алба хаагчийн утсан дээр хадгалагдаж үлдэх боломжгүй” хэмээн Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр хэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.