УИХ-ын Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанааар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлэгийг хийж эхэллээ.
Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал хууль санаачлах эрхтэй субьект буюу Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газар тус бүрээс гарч, гурван төрлийн хууль өргөн баригдсан. Эцэст нь Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж парламент үзэж өнөөдөр ийнхүү эцсийн хэлэлцүүлэгт оруулж байна. Хууль 2020 оны дөрөвдүгээр сард өргөн баригдсан, түүнээс хойш хоёр ч чуулган дамжин хэлэлцэгдэж буй юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, тодруулж байна. Мөн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байна.
УИХ-ын гишүүн Т.Аубакер: Шүүгч нарын цалин хөлс хууль өөрчлөлт оруулж буйтай холбогдон буурах уу, эсвэл өөрчлөгдөх үү. Нийгэмд буруу ойлголт яваад байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Шүүгчдийн цалинтай холбоотой онцгой нөхцлийн, зэрэг дэв, ажилласан жилийн нэмэгдлүүд орж ирсэн. Ажлын хэсэг зэрэг дэвийн нэмэгдлийг хассан. Үлдсэн нэмэгдлүүдийг олгох, онцгой нөхцлийн нэмэгдлийг 25 байсныг 40 хувь болгох заалтыг байнгын хороо өчигдөр дэмжсэн. Нийгэмд шүүгчдийн цалинтай холбоотой ташаа ойлголт байгаа тул цалингийн нэмэгдлүүдийг хэлэлцсэн. Одоогийн байдлаар анхан шатны шүүгч 2.2 сая, давахын шүүгч 3 сая орчим, дээд болон хяналтын шатны шүүгчдийн цалин 4 сая орчим төгрөг байна. Нийгэмд шүүгчдийг хэт өндөр буюу 7-8 сая төгрөгийн цалинтай гэж ярьдаг нь буруу юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Хамгийн олон жил буюу 32 жил ажиллаж байгаа шүүгч үндсэн цалин 4.2 сая, нэмэгдэлтэйгээ 5.2 сая төгрөгийн цалин авдаг юм билээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Хуулийн төслийн зорилго, зорилтыг харахад шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, шүүгчид тавигдах шаардлага, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах зэрэг харилцааг зохицуулна гэж тусгасан байна. Гэтэл хуулийн хэлэлцүүлгийн явцад цалин мөнгө, томилгоог хэтэрхий их давамгайлж ярих нь хуулийн зорилгыг хойш нь татаж байна. Шүүх бол хоёрдогч засаглал хараат бус байлгахаар оруулж байгаа. Үүний тулд "Шүүхийн сахилгын хороо" байгуулагдана. Ядаж эцсийн хэлэлцүүлэгт энэ талаараа яримаар байна. Зааланд цалингаа л яриад байх юм. Хэн нэгэн томилдог байсан бол одоо дахиад өөр нэг нь шүүгчийг томилдог болж байна гэсэн буруу ойлголт нийгэмд гарч байна.Томилгоогоо булаацалдаж байна гэж байна. Энэ талаараа тойрч ярьцгаая гэж урилмаар байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хараат шүүхтэй болчихлоо гэж олон жил ярьж байгаа. Үүнийг ч олон улсын байгууллагууд үнэлж, дүгнэж байсан. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийг шударга, хараат бус, хэн нэгнээс хараат бус шударга шүүгчтэй байх талаар тусгасан. Энэ хүрээнд Шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулсан. Өмнө нь байгаагүй томоохон заалтууд орсон. Тухайлбал, шүүгчийг томилох, сонгон шалгаруулахдаа хэн нэгний дохио, нөлөөгөөр томилох бус мэдлэг чадвартай хүнийг хараат бусаар шалгаруулдаг байх, шүүгч ажлаа хийхдээ хэн нэгний нөлөөнд автахгүй, хариуцлагатай, чин шударгаар ажиллах. Ингэж ажиллаж чадахгүй бол шүүгчид хүлээлгэх хариуцлагыг нь мөн оруулсан. Энэ хууль гарснаар шударга, хараат бус шүүгчтэй байх нөхцөл боломж бүрдэнэ. Хэн нэгнээс эдийн засгийн хувьд хараат бус байлгахын тулд цалингийн асуудал ярьж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.