Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд 2020.01.14-ний 06:00 цагаас эхлэн 2020.01.16-ны 23:00 цаг хүртэл гурав хоногийн хугацаатай "Тэг зогсолт" буюу хязгаарлалт хийгээд байна. Хязгаарлалт хийх шийдвэрийн дагуу БЗД-ийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайханаас тодрууллаа.
БЗД-ийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан:
-БЗД-ийн 17 хороо нь 134га талбайтай 9758 иргэнтэй 2814 өрхтэй. Эдгээр иргэдийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Мэдээж бүх иргэнийг шинжилгээнд хамруулна. 18-аас дээш насны 6400 иргэнээс заагдсан тогтмол дөрвөн цэгт, явуулын зургаан цэгт шинжилгээ авахаар ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд төрийн 1500 албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд хорооны бүх хэсгийн ахлагч нар иргэд рүү ярьж шинжилгээнд хамрагдахыг уриалж байна.
БЗД-ийн хэмжээнд нийт 366 тохиолдол бүртгэгдсэнээс 17 дугаар хороонд 23 иргэн халдвар авсан. Дөрвөн өрхийн 16 иргэн, өнгөрсөн хоногийн хугацаанд нэмж долоон иргэн халдвар авсан. Хорооны иргэний танхимын ажилчид халдвар авсантай холбогдуулан сүүлийн долоо хоногт иргэний танхимаар үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөхийг уриалж байна.
Нийт халдвар авсан 23 иргэний шууд хавьтал 75 дам хавьтал 1542 гэсэн мэдээлэлтэй байна гэв.