ОХУ-ын Якут улсын бөө Александр Габышев ирэх гуравдугаар сард Москва руу дахин аялах болсноо мэдэгджээ. Тэрээр нийслэл рүү цагаан морь унан явах бол түүний дагалдагчид машинаар явах аж.
Габышев 2019 оны зун "Путиныг харааж, ардчиллыг сэргээх" зорилгоор Якутаас Москва хүртэл 8,000 км-ийн явган аяллыг эхлүүлж байсан. Уг аялал хоёр жил үргэлжлэх төлөвтэй байсан юм. Гэвч Габышев болон түүний нөхөд 3,000 орчим км замыг туулаад байсан үе буюу 2019 оны есдүгээр сард тэднийг Буриадын "Байкал" хурдны зам дээр саатуулан, Якут руу буцаасан байна.
Бөөд хэт даврагч үзлийг өдөөсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хавтаст хэрэгт "Габышев гуравдугаар сарын 6-наас тавдугаар сарын 22-ны хооронд үл мэдэгдэх газар байхдаа хэсэг бүлэг хүмүүстэй нийлэн, хэт даврагч үйл ажиллагаа явуулахыг уриалсан" гэжээ. Түүнийг мөн сэтгэцийн үзлэгт оруулсан бөгөөд 2019 оны аравдугаар сарын 3-ны өдөр сэтгэцийн өвчтэй гэж тогтоосон байна.
Гэтэл тэрээр 2019 оны арванхоёрдугаар сарын 8-нд Москва руу дахин хөдөлсөн бөгөөд албаныхан түүнийг хоёр хоногийн дараа саатуулжээ. Ингээд 2020 оны тавдугаар сард Габышевыг Якутскын сэтгэцийн эмнэлэгт албадан хэвтүүлсэн бөгөөд эмнэлгийн комиссоос бөөг бусдад аюул учруулж болзошгүй гэж дүгнэжээ.
Харин олон улсын хүний эрхийн "Amnesty International" байгууллага Александр Габышевыг үзэл бодлынхоо төлөө шийтгүүлсэн хүн гэж үзэн, түүнийг суллахыг шаарджээ.
Эх сурвалж: Радио Свобода, Интерфакс
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.