БНХАУ-ын үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг Синовак вакцины эмнэлзүйн туршилтыг Бразил улсад явуулж байгаа бөгөөд Бразилийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд вакцины үр дүн 50,4 хувьтай байгааг мэдээлжээ.
Энэ нь урьд өмнө мэдээлж байснаас үр дүн бага байгааг харуулж байна. Бээжингийн эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Синовак вакциныг Индонези, Турк, Сингапур зэрэг улсууд захиалаад байгаа юм.
Бразилийн Бутантан хүрээлэнгийн судлаачдын өнгөрсөн долоо хоногт танилцуулсан мэдээллээр Синовакийн туршилт 78 хувийн үр дүнтэй байгааг дурдсан юм. Гэвч энэ долоо хоногийн мягмар гарагт хийсэн мэдээллээр үр дүн илүү бага байна гэдгийг харууллаа.
Гэхдээ эргэлзээтэй зүйл нь Синовак вакцины эмнэлзүйн туршилт нь улс орон бүрт харилцан адилгүй үр дүнг харуулаад байна. Тухайлбал Турк улсад Синовакийн эмнэлзүйн туршилт 91,25 хувийн үр дүнтэй гэж заасан бол Индонези улсад 65,3 хувийн үр дүнтэй гарчээ. Гэхдээ эдгээр үр дүн нь туршилтын сүүлчийн шатны урьдчилсан дүн мэдээ юм.
Бразил улсын эрх баригчдад Синовак болон Астразенека фирмүүдийн вакциныг албан ёсоор хэрэглэх хүсэлтийг илгээгээд байна. Энэ хооронд тус улсад коронавирусийн халдварын тохиолдол найман сая давж Америк, Энэтхэг улсуудын дараа бичигджээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.