АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ираны Засгийн газар Аль Кайда террорист бүлгийн шинэ бааз болж байна хэмээн ил тодоор шүүмжлэн буруутгалаа.
Помпеогийн хэлснээр Афганистаны газар нутагт Аль Кайда бүлэглэл уулын бүсэд нуугдаж байсан бол өнөөдөр Ираны дэглэмийн дор бүрэн хамгаалуулж үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна гэжээ. Гэхдээ тэрээр уг хардлага сэжгээ баталгаажуулах ямар нэг нотлох баримт дэлгээгүй байна.
Уг мэдэгдлийн хариуд Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф дайныг өдөөн хатгасан худал мэдээлэл өгсөн хэмээн буруутгажээ. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард Иран улс Аль Кайдагийн хоёр дахь удирдагч Абдулла Ахмед Абдулла Тегеранд буудуулж нас барсан тухай мэдээллийг үгүйсгэсэн юм.
Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Помпео 2015 оноос хойш Тегеран Аль Кайдагийн гишүүдийг бусадтайгаа чөлөөтэй холбоо харилцаа тогтоох боломжийг бүрдүүлж байна хэмээн буруутгасаар ирсэн юм. Ирантай холбоотой Аль Кайда бүлэг Америк болон түүний холбоотон улс орнуудын аюулгүй байдалд бодит аюул заналхийлж байна хэмээн буруутгасаар байна.
Дашрамд мэдээлэхэд Майк Помпео Европын Холбооны улс орнуудад айлчлахаар төлөвлөж байсан ч өнгөрсөн долоо хоногт Капитол руу жагсагчид дайран ороход Ерөнхийлөгч Дональд Трамп өдөөн хатгалга үзүүлсэнд Европын удирдагчид эрс шүүмжилсэн байр сууриа илэрхийлсний дараа айлчлалаа цуцлаад байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.