Дэлхийн 30 орчим улс коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг хэдийнээ эхлүүлээд байгаа. Тэдгээр улсуудын нэг нь Индонези юм.
Гэхдээ тус улс бусад улс орнуудын жишгээс арай өөр арга барилаар Ковид-19-ийн эсрэг дархлаажуулалтыг хийхээр төлөвлөжээ. Ихэнх улс орнууд цар тахлын эсрэг тэргүүн фронтод байгаа ажилтнууд, ахмад настнуудыг вакцинжуулалтад хамгийн түрүүнд хамруулж байна. Харин Индонези улс эсрэгээрээ нийгэм, эдийн засгийн хамгийн идэвхтэйд тооцогддог залуусыг ахмад настнуудаас түрүүлж вакцин хийлгэх шаардлагатай гэж үзжээ.
Тус улсын Засгийн газар тэргүүн фронтод хүчин зүтгэж буй ажилтан албан хаагчдын дараа 18-59 насны залуус вакцинжуулах хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах дүрэм баталсан. Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо энэ жил 59 настай тул хамгийн түрүүнд вакцинд хамрагдах бүлэгт багтаж байна. Харин дэд Ерөнхийлөгч Маруф Амин 77 настай тул эхний ээлжийн бүлэгт багтаж чадсангүй.
Анагаах ухааны профессор Амин Соебандрио Засгийн газрын гишүүдэд хандан ахмад настнуудаас илүү залуучуудыг вакцинд хамруулах нь стратегийн ач холбогдолтой гэсэн зөвлөгөөг өгчээ. Эдийн засгийг эргэлтэд оруулах хөдөлмөрчин ангийг дархлаажуулах нь нэн тэргүүний чухал зүйл гэж үзсэн байна. Учир нь тэд өглөө гэрээсээ гарч өдөржин ажиллаж, хаа сайгүй явсаар шөнө орой гэртээ ирдэг учир халдвар тараах өндөр эрсдэлтэй бүлэг юм. Ингэснээр сүргийн дархлаа тогтоох хамгийн тохиромжтой арга гэж зөвлөжээ.
Дэлхийн долоон тэрбум гаруй хүн амын 60-70 хувийг нь вакцинжуулсан тохиолдолд сүргийн дархлаа тогтож коронавирусийн халдварын тархалтыг зогсооно гэж эрдэмтэд үзэж байгаа.
270 сая хүн амтай Индонези улсад коронавирусийн халдварын 850,000 орчим тохиолдол бүртгэгдсэн. Халдвар авсан иргэдийн 80 орчим хувь нь хөдөлмөрийн насны иргэд ажээ. Энэ хооронд сургууль, Засгийн газрын байгууллагууд бараг жилийн турш хаалттай хэвээр байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.