БЗД-т коронавирусийн халдварын голомт болсноос хойш нийт 35 байрыг тусгаарлаад байсан бол өнөөдрийн байдлаар дөрөв болж буурчээ. Гэсэн хэдий ч халдвар гарсан байрнуудыг гэнэт тусгаарлаж, хөл хорио тогтоож байгаа нь оршин суугчдад ихээхэн хүндрэл, чирэгдэл учруулж, хоол хүнс, хог хаягдлын асуудлыг огт зохицуулахгүй байгааг хэлж байна. Энэ талаар сурвалжлахаар бид БЗД-ийн 14-р хорооны 58-р байран дээр очлоо.
Тус байрны оршин суугч: Манай байрнаас хэдэн тохиолдол гарсныг мэдэхгүй байна. Өнгөрсөн тав дахь өдөр манай байрны 120 орчим айл өрхийг тусгаарлагдсан. Иргэдийн хувьд өдөр тутамд асуудал тулгарч байгаа. Тусгаарлалтад байгаа айл өрхүүд ямар журмаар явах талаар нэгдсэн мэдээлэл, ойлголт өгөхгүй байна.
Долоо хоногт хоёр удаа хоол хүнс, гаднаас оруулж байгаа. Гэтэл талх, сүү өдөр тутамд дуусаж байна. Зарим тохиолдолд хамаатан садан нь хоол унд дөхүүлж өгөх гэхээр оруулахгүй төвөгтэй байдал үүсээд байна.
Манай байрны иргэдээс нэг удаа шинжилгээ авсан. Тусгаарлагдсан байрныхаа иргэдэд мэдээлэл өгч баймаар байна. Хэдэн удаа шинжилгээ авах, хоол ундаа бөөгнөрөл үүсгэхгүй авах асуудалд тодорхой мэдээллийг хүсэж байна.
БЗД-ийн Засаг даргын орлогч Б.Батбаяр: Манай дүүрэгт 323 тохиолдол батлагдсан. Иргэдийн хувьд мэдээллийн дутуу байдлаас болж бухимдаж байгааг мэдэж байгаа. Мэдээллийг дутуу хүргэсэн асуудал бий. Энэ бүхэнд бид аль болох иргэдэд чирэгдэл үүсгэлгүй асуудлыг шийдэхээр ажиллаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.