Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо 2021 оны нэгдүгээр сарын 10-нд цахимаар хуралдаж, АН-ын даргын түр үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг чөлөөлсөн. Энэ талаар Ардчилсан намын Үндэсний дүрмийн хорооны гишүүн, Санхүүгийн бодлогын зөвлөлийн дарга Д.Ганбаяртай ярилцлаа.
-Танай намд үүсээд байгаа асуудлыг тайлбарлана уу. Хоёр даргатай болсон юм шиг харагдаад байна л даа?
2020 оны УИХ-ын сонгуульд ялагдсаны маргааш нь АН-ын хэсэг нөхөд намын дотоод ардчиллыг хангуулж, дүрмийн хэрэгжилтийн сахиулна гэж Түр хороо байгуулж мэдэгдэл хийсэн. Тэр даруй нь Үндсэн дүрмийн дагуу сонгуульд ялагдуулсан дарга нь хамт хариуцлага хүлээсэн дэд даргадаа дүрмийн дагуу намын даргыг сонгож тамгаа өгөөрэй гэж шилжүүлсэн. Үүний дагуу Үндсэн дүрмийн хороо /ҮДХ/ хуралдаж, дүрмийн дагуу С.Эрдэнэ дарга шинээр сонгогдох даргад тамгаа өгөх ёстой гэж тогтоол гарсан байдаг. Гэвч шахалтанд орсон дарга “Намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээр дэд дарга Ц.Туваанд нэг ёсны Иргэний хуулийн дагуу аман хэлцэл байдлаар итгэмжлэл олгож тамгаа өгсөн. Үүнийг буруутгаж болохгүй. Гэтэл тамга авсан Ц.Туваан нь Үндэсний бодлогын хороог /ҮБХ/ цахимаар ирц хүрээгүй байхад 2020 оны долдугаар сарын 24-ны өдөр хуралдуулж дүрмийн дагуу тамгаа өгсөн даргыг чөлөөлөх байтал чөлөөлсөн тогтоол гаргахгүйгээр өөрийгөө үүрэг гүйцэтгэгч болгосон тогтоол гаргасан нь өнөөдрийн маргааны эхлэл болсон. Түүнчлэн Ц.Туваан намын гишүүдийн шаардлагаар МҮЭСТО-д ҮБХ-ны хурал 2020 оны наймдугаар сарын 03-ны өдөр хуралдаж нам ялагдсан асуудлаар хэлэлцээд, намын дүрмийг өөрчлөх ажлын хэсгийг томилох эрхийг дүрэм зөрчин өөрөө томилсон нь мөн л дүрэм зөрчсөн үйлдэл болж эрх зүйн чадамжгүй дүрмийн өөрчлөлт боллоо гэх үндэслэл үүссэн.
Гэвч дүрмийн өөрчлөлтөд ажлын хэсэг гурван сар гаруй хугацаанд ажилласан ч ҮДХ гэдэг байгууллагын нэрийг солиод Дүрмийн хяналтын хороо болгож, намын даргыг бүх гишүүдээс санал авч сонгогдохыг болиулж ҮБХ, намын их хурлаас өөрөөр хэлбэл МАН шиг сонгодог болгож өөрчилсөн.
Энэ нь гишүүдэд суурилсан нам гэдэг суурь дэвшлээс ухарсан үйлдэл болж улмаар дүрмийн өөрчлөлтийн маргааны гол шалтгаан болсон. Эцэст нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 17-нд ҮБХ-ны цахим хурлаар хэлэлцэж өөрчлөлт оруулсан ч маргааш нь намын X их хурлыг цахимаар хийж, чухал зүйл заалтуудыг дүрэм зөрчин өөрчилсөн. Мөн их хурлаар хэлэлцэгдээгүй заалтыг үүрэг гүйцэтгэгч Дээд шүүхэд хүргүүлэхээс өмнө оруулсанд олон гишүүд эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
-Тэгэхээр намын дүрмийн өөрчлөлтөөс л болж, тамгаа эргүүлэн авах шалтгаан нь болсон хэрэг үү. Тамгаа эргүүлж авах асуудлыг эрх зүйн талаас нь тайлбарлахгүй юу?
-УИХ-ын сонгуулиар оноогоо тавиулсан С.Эрдэнэ дарга дүрмийн дагуу сунгаагаар дараагийн намын даргаа гарган намын тамгыг өгөөрэй гэж аман хэлцэл хийж, хамт огцрох байсан ч намын Ерөнхий нарийн бичгийн дарга хийж байсан, олон жил дэмжиж явсан өөрийн Ц.Туваандаа итгэж найдан Иргэний хуулийн 62-р зүйлээр хэлцэлд төлөөлөх итгэмжлэл олгон намын тамгыг үндсэн дүрмийн дагуу гардуулсан. Итгэмжлүүлэгч Ц.Туваан нь итгэмжлэгчийн хүлээлгэсэн үүрэг, түр орлон гүйцэтгэгчийн эрх хэмжээг огоорон өөрөө “Намын даргын үүрэг гүйцэтгэгч” болсон гэж үзэж, намын дүрэм зөрчин намын даргыг сонгох сунгааг болиулсан.
Ардчилсан нам даргагүй үүрэг гүйцэтгэгчтэй орон нутгийн сонгуульд орж, ялагдуулснаас гадна өөрт ашигтай байдлаар намын дүрмийг өөрчлүүлсэн нь Иргэний хуулийн 62.4-т заасан итгэмжлэгч этгээдийг итгэл хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй.
Мөн намын их хурлыг дүрмийн бус зохион байгуулж, дүрэм өөрчилснөөс гадна өөрт олгогдоогүй эрхээ эдлэн Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлж дүрэмд байхгүй Үндсэн дүрмийн түр хороо, Дотоод сонгуулийн тор хороод гэгчийг гишүүдээс санал авахгүй өөрт олгогдсон эрхээ хэтрүүлэн дур мэдэн байгуулсан.
-Захиалагчийн шахалтаар С.Эрдэнэ дарга тамгаа өгсөн хэмээн дурдлаа. Захиалагч гэж хэн юм бэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас дахин Ерөнхийлөгчид нэр дэвших зорилгоор өөрийнхөө хүнийг Ардчилсан намын дарга болгоно хэмээн бид нарт хэлсэн. Өөрийг нь Ардчилсан намаас ялуулахад санхүүг нь барьж чадах хүнийг намын дарга болгомоор байна. Тийм учраас та нар Үндэсний бодлогын хороо, Намын хуралдаа суугаад оролцоод эсэргүүцэхгүй байж байгаад энэ дүрмийг батлуулах асуудал дээр дэмжлэг үзүүлээч хэмээн бид нарт хэлсэн.
Үндсэн хуулиар нам бус хүн намын дотоод үйл ажиллагаанд оролцож, Үндсэн хууль зөрчиж байгаа маш том асуудал. Ардчилсан намыг өмчлөх гэсэн маш ноцтой асуудал. Бүх гишүүдээс намын даргыг сонгох байтал яагаад ҮБХ-ын гишүүдээс сонгох гээд байгаа юм бэ гэдэг асуудлыг эсэргүүцэж байна. Үүнээс болж Ардчилсан нам нам биш болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.