СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иргэн, ААН-ийн зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах тогтоолын төслийг өргөн барилаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулснаа өнөөдөр (2020.01.08) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр  Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан.

Цар тахлын хүндрэлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг хамгаалж, зээлийн дарамтыг бууруулах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулах, эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэрүүдийг гаргасан. Гэвч цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид болон иргэн, аж ахуйн нэгжийн орлого тасарсан хэвээр байна.

Иймд цар тахлын эрсдэлтэй нөхцөл байдал цаашид хэдий хугацаагаар үргэлжлэх нь тодорхойгүй байгаа үед бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаанд үйл ажиллагаа нь доголдож, цалин орлого нь тасалдсан жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор Улсын Их Хурлаас банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах, зээл төлөлтийн хугацааг хойшлуулах талаар тодорхой чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөх шаардлагатай гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Уг тогтоолын төсөлд дараах харилцааг зохицуулахаар тусгасан байна. Үүнд,

- Цар тахлын улмаас санхүү, эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг нэн даруй зохион байгуулах,

- Иргэн, аж ахуйн нэгжийн банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх хугацааг 2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хойшлуулах, зээлийн хүүг 50 хувиас доошгүй хувиар бууруулан, зөрүүг санхүүжүүлэх ажлыг зохион байгуулах, энэ чиглэлээр тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх саналаа УИХ-д танилцуулах,

- Иргэн, аж ахуйн нэгжийн банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх хугацааг хойшлуулсантай холбогдуулан банк, банк бус санхүүгийн байгууллагад үүсэх хүндрэлийг нарийвчлан тооцож, төлбөрийн чадвар, ашигт ажиллагаа, өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг унагахгүй байх чиглэлээр дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мөнгөн хөрөнгийн тооцооллыг хийж, гадаад дотоод эх үүсвэрээс олох арга хэмжээг нэн даруй авах,

- Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулахтай холбогдуулан боловсруулж батлуулах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг УИХ-д яаралтай өргөн мэдүүлэх зэрэг асуудлыг тусгажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зо
3 жилийн өмнө
59.153.114.98

Яаралтай шийдэх нь зөв

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.