СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-01-04

ШУУРХАЙ: Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Улсын онцгой комисс цахимаар хуралдаж /2021.01.04/ хөл хориог 14 хоног сунгах санал гаргасан. Учир нь халдвар буурахгүй, хаанаас гарсан нь тодорхойгүй шинэ голомтууд үүсэх хандлагатай байгаагаас хөл хориог сунгах нь зүйтэй гэж үзжээ. Энэ саналыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ.

Нийслэлд тогтоосон хатуу хөл хориог дахин тав хоног сунгах шийдвэрийг гаргалаа

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар: Мэргэжлийн 11 байгууллагын гаргасан эрсдэлийн үнэлгээтэй танилцсан. Ингээд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дөрөв хоног сунгаж, 2021.01.11-ний өглөөнөөс зэрэглэлийг бууруулах шийдвэрийг гаргалаа.

Иргэдээс санал асуулга авахад хөл хориог сунгахыг зөвшөөрч 70 хувь нь саналаа өгчээ. 30 хувь нь хөл хориог сулруулж, хэвийн амьдралдаа шилжье, амьдралын хэмнэлдээ зохицож амьдрах хэрэгтэй гэсэн санал өгсөн. Мөн голлох арван яамнаас санал авахад 7-14 хоногоор сунгах нь зүйтэй гэсэн санал өгсөн. Энэ бүхнийг хэлэлцэж үзээд Засгийн газар хатуу хөл хорионы зэрэглэлийг дөрөв хоногоор сунгаж, дараа нь зэрэглэлийг бууруулж, худалдаа үйлчилгээний зарим салбарыг нээхээр тогтлоо. 

Дэлхий дахинд ийм арга хэмжээ авч байна. Европын холбооны улсууд болон Азийн ихэнх улс оронд багадаа 7-14 хоногийн хатуу хөл хорионы дэглэмд шилжиж байна. 

Эхний ээлжинд вакцин хийлгэх 10 000 иргэний нэр ус гарсан

Шадар сайд Я.Содбаатар:

-ДЭМБ эхний вакциныг бүртгэж авснаар өнөөдрийн байдлаар дэлхийн 40 гаруй орон вакцинжуулалт хийж эхэллээ. Манай улс нийтийн дархлаажуулалт руу аль болох эрсдэл багатай хүрэх, энэ хүртэл ард иргэдийнхээ эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахгүйгээр давах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. 3-4 газраас вакцин авах хүсэлтээ гаргасан. Эхний ээлжинд вакцинжуулалтад хамрагдах 10 000 иргэн нэр ус нь гарсан. Дараагийн ээлжинд 300 хүнд хийнэ. Энэ ажлыг дагаад томоохон бүртгэл явагдана. Улс хоорондын хөдөлгөөнийг дэлхий дахинд вакцинжуулалттай нь холбож байна.

Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй

Засгийн газраас сар шинийн баярыг албан ёсоор тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Европын улсууд шинэ жилийн өдрүүдэд иргэдийнхээ хөдөлгөөнийг хязгаарласан нь халдвар тархалтыг багасгасан.

-БЗД-ийн эмнэлэгт ковидын халдвар авсан иргэн нас барсан нь үнэн үү?

Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар: 

-Нас барсан иргэн халдвар авсан байсан нь үнэн. Гэхдээ хүнд суурь өвчтэй хүн байсан. Нас барсан шалтгаан нь амьсгалын дутагдал. 

-Өдрийн орлогоороо амьдардаг иргэд хамгийн хүнд байдалд орсон. Тэдгээр иргэдэд алдагдлыг нь нөхөж өгөх гэх мэт арга хэмжээ авах уу. Төлөвлөгөө байна уу?

-Бид бүхэн яг та нар шиг ажиллаж амьдарч байгаа. ЖДҮ эрхлээд түрээсэндээ хамаг мөнгөө өгдөг, бизнес нь зогссон ч банкны зээл нэхэгдэх гэх мэт олон салбар үнэхээр хүнд байна. Засгийн газар бүх боломжтой хэлбэрийг судалж байж нийтлэг шийдвэрийг гаргаж байгаа. Цахилгаан, дулаан, хогны мөнгийг төр даах, хүүхдийн мөнгө нэмэх гэх мэт иргэдийн амь амьжиргааг дэмжих чиглэлээр шийдвэр гаргаж байна. Төрийн сангийн хөрөнгө хязгаарлагдмал. Засгийн газар төлөвлөгөө гаргаж ковидтой тэмцэж байна. Гэхдээ дэлхий нийтээр нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байна. Өнөөдөр гаргасан шийдвэр нөхцөл байдалтай уялдаж маргааш өөрчлөгдөж байна. Ингэх ч байх.

Монгол Улс өнөөдөр кластер голомтот нөхцөлтэй байна. Алаг цоог халдварын үе рүү ороогүй байна. Орвол эвгүй. Европын улс орнууд шиг эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрээгүй байна. Хэрэв алаг цоог голомт гарвал хөнгөвтөр иргэдээ гэрт нь тусгаарлаж эмчилнэ. Хүнд болон хүндэвтэр иргэдээ л эмнэлэгт авна. Байдал хүндэрвэл иргэдээ ХӨСҮТ-д аваад байлгүй дүүргийн эмнэлэг рүү шилжүүлнэ, бүр хүндэрвэл гэрт нь эмчилнэ.

-Самар бэлтгэсэн аж ахуйн нэгжүүд самраа гадагш гаргая гэхэд кг тутамд 3000 төгрөг төл гэсэн шаардлагыг МҮХАҮТ тавьж байна. Ингэж дураараа татвар авч болох уу?

-МҮХАҮТ хуультай байгууллага. Иргэдээс мөнгө хурааж байгаа асуудал гаргаж байна. Дарга нь улс төрийн намын хурал дээр очоод суучихдаг. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг л хамгаалах ёстой. Холбогдох байгууллага нь арга хэмжээ авах биз. 

-Хөл хорио тогтоосны дараа та бүхэн юу хийж байгаа вэ?

-Хавьтлуудыг хөөж илрүүлж, тусгаалах нь хамгийн чухал. Халдварын тархалтыг зогсоох үүднээс хөл хорио тогтоодог. Цаашид авах арга хэмжээ нь халдвар голомтолсон хэлбэрээр явж байгаа тохиолдолд хавьтлуудаа хөөнө, идэвхитэй тандалтаа хийнэ. Олон улсын судалгаагаар ийм ажлууд хийх нь үр дүнтэй гэдэг батлагдсан. 

-Алтанбулагийн цаана одоо хичнээн тээврийн машин байгаа вэ? 

-Нэг ч машин байхгүй байгаа. Сүүлийн гурав хоног толгой сэлгэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хугацаанд 20 автомашиныг оруулсан. Толгой сэлгэх боломжгүй таван машин үлдсэн. 

Иргэд, аж ахуйн нэгжүүдийг хүнс тээвэрлэж болохгүй гэж хүсээд байхад нааш нь ачиж явуулаад байна. Ирчихлээ, хүнс хөлдлөө гээд байгаа. Олон улсын тээврийн жолоочоос 40 гаруй халдвар илэрсэн шүү дээ. Шалтаг шалтгаан хэлэхээр нь оруулаад байхаар болдог юм байна гэж бодоод дахин тээвэрлэж ирээд байна. 

-Хөл хорионы улмаас ажилгүй болсон иргэд ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй байна? 

-Ажилгүйдлийн даатгалын санд 30 гаруй тэрбум төгрөг байгаа гэж Нийгмийн хамгааллын сайд мэдээлсэн. Надад өгсөн мэдээллээр материалаа өгсөн иргэдийн мөнгийг саадгүй олгож байгаа. Авч чадахгүй байгаа хүмүүс ХНХЯ болон УОК руу хандаж болно. 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: 

-QR кодтой 58 000 автомашин байгаа. Автобусаар зорчиж байгаа иргэдийн хаашаа явж байгааг нэг бүрчлэн хянах боломжгүй. Иргэдийн хувьд нэг жил торт хэрэглэхгүй байх ухамсар алга. Тэвчиж болох үйлдлийг тэвчих хэрэгтэй. Иргэд УОК-ын шийдвэрийн эсрэг ажиллавал хөл хорио тогтоосон болохгүй. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: 

-ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэдийн тав тухыг хангах тал дээр ажил хийж байгаа. Халдвартай хүмүүс тэнд байгаа учир засвар, үйлчилгээ хийж чадахгүй байна. Тусгаарлах дөрвөн хэсэг байгаа. Нэг хэсэгт нь хүмүүсийг эмчилж байгаа. Үлдсэн гурван хэсэг дээр иргэдийг тав тухтай байлгах ажил хийгдэж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.