БНСУ-ын хүн ам түүхэндээ анх удаа буурсан үзүүлэлтийг харуулсан гэдгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдээлэв. 2020 оны 12 дугаар сарын сүүлээр хийсэн хүн амын тооллогоор 51,829,023 хүн бүртгэгдсэн нь жилийн өмнөх 2019 оныхоос 20,838-аар буурсан үзүүлэлт болжээ.
Өнгөрсөн 10 гаруй жилийн турш тус улсын хүн ам жил бүр нэмэгдсээр байсан ч хүн амын дундах насжилт өндөр, төрөлт бага багаар буурч байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байсан юм.
Тодруулбал шинээр мэндэлж байгаа хүүхдүүдээс илүү олон хүн нас баржээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр 2020 онд тус улсад 275,815 хүүхэд шинээр мэндэлсэн бол 307,764 хүн нас барсан байна.
Энэ үзэгдэл Өмнөд Солонгосын хөрш Япон улсад ч мөн ажиглагдаж байгаа. Ерөнхийлөгч Мүн Жэ Иний ажлын алба гэр бүлийн өсөлт, нөхөн үржихүйг дэмжихийн тулд хэд хэдэн санаачилга гаргасан. Тухайлбал жирэмсэн эмэгтэйчүүдэд нэг удаад сая воны дэмжлэг үзүүлэх, нэг ой хүртэл насны хүүхдүүдэд сар бүр бэлэн мөнгө өгөх зэрэг санаачилгуудыг танилцуулаад байгаа юм.
Гэвч энэ нь хүн амын өсөлтийг дэмжихэд нэмэр болохгүй гэж шүүмжлэгчид үзэж байна. Учир нь иргэд гэр бүл зохиож хүүхэдтэй болохын тулд өндөр боловсрол эзэмшүүлэх, орон байрын зардал гээд санхүүгийн илүү өргөн хүрээний сорилттой нүүр тулж байгаа.
2008 онд ганц бие, гэрлэж байгаагүй эмэгтэйчүүдийн 47 хувь нь хүнтэй гэрлэх амьдралынх нь салшгүй хэсэг гэж боддог байсан бол энэ тоо хоёр дахин буурч, 22 хувь болжээ. Мөн 1996 онд 430,000 гаруй хос гэрлэлтээ бүртгүүлж байсан бол өнгөрсөн жил ердөө 250,000 хос бүртгүүлжээ.
Хэрэв энэ хандлага үргэлжилсээр байвал Өмнөд Солонгосын хүн ам 2067 он гэхэд 39 сая болж буурна гэж тооцоолжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.