Японы Сумитомо Форестри технологийн компани болон Киото их сургууль хамтран 2023 он гэхэд дэлхийн анхны модон хиймэл дагуулыг үйлдвэрлэхээр хөгжүүлж байна.
Сумитомо Форестри сансарт нисгэж, ашиглах боломжтой модон материалын судалгааг хийж байна. Дэлхийн агаар мандалд хөөрч буй хиймэл дагуулууд ихэвчлэн хог хаягдал их хэмжээгээр үлдээдэг. Харин модон хиймэл дагуулууд агаар мандалд хортой бодис ялгаруулалгүй шатах, аль эсвэл хог хаягдал дэлхийн хөрсөн дээр эргэж буусан ч хор хөнөөлгүй байх давуу талтай юм.
Киото их сургуулийн профессор Такао Дой “хиймэл дагуулууд дэлхийн агаар мандалд шатаж, хөнгөн цагааны исэл бий болгосоор ирсэн бөгөөд энэ нь хүрээлэн буй орчинд хортой нөлөө үзүүлнэ. Тиймээс хиймэл дагуулын дараагийн загварыг хөгжүүлэх хэрэгтэй” гэжээ.
Профессор Дой 2008 онд Олон улсын сансар судлалын станцад зочилж байсан сансрын нисгэгч юм. Харин 400 гаруй жилийн түүхтэй Сумитомо группын салбар Сумитомо Форестри нарны гэрэл, цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй модон материалыг хөгжүүлэхээр хичээл зүтгэл гарган ажиллаж байна.
Дэлхийг тойрон эргэлдэж буй 6,000 орчим хиймэл дагуул байгаагийн 60 гаруй хувь нь хэрэгцээгүй хог хаягдал болсон гэдгийг Дэлхийн эдийн засгийн форум мэдээлсэн. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд жил тутамд мянга орчим хиймэл дагуул хөөргөсөн байна. Хэрэв энэ жишгээр үргэлжилбэл 2028 он гэхэд 15,000 гаруй хиймэл дагуул дэлхийн агаар мандалд хөөрсөн байх юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.