2020 оны шилдэг нээлтүүдийг Ковид-19 коронавирусийн эсрэг вакцин тэргүүлэх нь гарцаагүй боловч шинжлэх ухаан, технологийн салбарын бусад ололт амжилтуудыг эргэн сануулах нь зүйтэй.
Эртний хүн төрөлхтөн
Өнгөрч буй 2020 онд бид эртний өвөг дээдсийнхээ талаар олон зүйлийг шинээр мэдэж авчээ. Өмнө нь оршин тогтнож байсан хүн төрөлтхтөний өөр нэгэн төрөл Хомо эректусийн хамгийн эртний гавлын ясны хэсгийг Өмнөд Африкийн Иоханнесбург хотын захаас олсон юм. Эндээс 1,9-2,4 сая жилийн өмнө амьдарч байсан 2-3 насны хүүхдийн гавлын яс цуг олджээ. Эдгээрээс өмнө олдоод байсан хамгийн эртний эректусийн олдвор 1,8 сая жилийн настай байсан юм.
Чулуун зэвсгийн үеийн бохь
Дани улсаас 5,700 жилийн өмнө амьдарч байсан охины зажилж байсан бохийг олжээ. Хус модны давирхай охины сүүлчийн хоол байсан бөгөөд гэдэс дотроос нь олдоогүй нь залгиж амжаагүйг харуулсан байна. Энэ бохиноос хүний генийн материал олдсон нь хүний яснаас бусад зүйлээс тухайн хүний мэдээллийг амжилттай илрүүлсэн анхны тохиолдол юм.
Хүний гараар бүтээгдсэн хамгийн эртний чулуун бүтээл
Индонези улсаас олдсон эртний хүн төрөлхтөний гараар сийлсэн чулуун бүтээл нь энэ оны шилдэг олдворуудын нэг байв. Урьд өмнө ийм төрлийн олдворууд Европ тивээс олдож байсан ч анх удаа Европоос өөр тивээс олдсон тохиолдол юм.
Үлэг гүрвэлүүд
Эртнээс одоог хүртэл олдсон үлэг гүрвэлийн араг ясанд бүсэлхийн хэсэг ба идэж байсан хоол хүнс нь хадгалагдан ирэх тохиолдол маш ховор ажээ. Энэ жилийн зургадугаар сард олдсон нодозаврын идсэн хоолны үлдэгдлийг олсон тухай судлаачид нийтэлсэн юм. Тагнай өвсний навч, зарим төрлийн иш, мөчир зэргийг нодозавр зоогложээ.
Оддын тоос ба шүрэн хад
50 гаруй жилийн өмнө Австралийн нутагт унасан солироос сансар огторгуйн чухал олдвор олсон нь 5-7 тэрбум жилийн өмнө бүрэлдэн тогтсон оддын тоос байсныг нэгдүгээр сард олон нийтэд танилцуулжээ. Энэ нь манай гарагт унасан хамгийн эртний оддын тоос ажээ. Нарыг 4,6 тэрбум жилийн настай гэж үздэг тул уг оддын тоос нар болоод нарны аймгийг бүрэлдэхээс ч өмнө бий болсон гэдгийг харуулж байна.
Австралийн эрдэмтдийн аравдугаар сард илрүүлсэн өөр нэг олдвор нь Күйнслэнд мужийн хойд эргээс Шмитийн далайн хүрээлэнгийн баг далайн ёроолын газрын зургийг дүрсэлж 500 метр өндөр хэмжээтэй бүрэлдэж тогтсон шүрэн цамхгийг илрүүлсэн явдал юм. Энэ нь дэлхийн хамгийн өндөр барилгатай дүйцэх ажээ.
Түүх: Үхэгсдийн дуу хоолой ба викингчүүдийн генийн мэдээлэл
2020 онд хүн төрөлхтөн үхсэн хүний дуу хоолойг эргэн авчирсан юм. Египетэд 3,000 жилийн өмнө амьдарч байсан ламын дуу хоолойг эргэн сонсох 3D төхөөрөмжийг Их Британийн эрдэмтэд ашиглан амны хайрцгийг нь эргэн сэргээсэн.
Викингчүүдийн тухай хүн төрөлхтөн төсөөлөхдөө тэднийг улбар шаргал үстэй, Скандиновын дайчин тулаанч ард түмэн байсан гэж үздэг байв. Гэтэл бидний буруу байсныг ДНХ-ийн технологи ашиглан баталжээ. 400 орчим викинг хүний араг яс, ДНХ-г судалж тэд үнэн хэрэгтээ хар бараан үстэй байсныг нотолсон юм. Тэд зөвхөн Скандиновт байгаагүй бөгөөд Ази, Өмнөд Европоос гаралтай байсныг тогтоосон.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.