Канадын Онтарио мужийн Кенора хотод амьдардаг зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин Ли-Анне Карвер өнгөрсөн долоо хоногт толгойд нь сум зоогдсон нэгэн бугын зургийг олон нийтийн сүлжээндээ байрлуулан, олон хүний анхаарлыг татсан билээ. Тэгвэл энэ долоо хоногт мэргэжилтнүүд бугын толгойноос уг сумыг амжилттай сугалан авсан байна.
Карверын "Лууван" гэж нэрлэсэн энэ өнчин буга сүүлийн гурван жилийн турш түүний арын хашаанд зочилсон аж. Гэвч өнгөрсөн долоо хоногт Карверын нөхөр "Лууван"-г гэмтсэн байсныг харжээ. Ойртон хараад тэрээр бугын толгойд тод ногоон өнгийн өдтэй хар сум зоогдсон байсныг ухаарсан байна.
Цочирдом гэмтэл авсан буга харин үүнийг огт тоосон шинжгүй байжээ. Ойроос харахад бугын толгойд ямар ч цус, халдварын шинж тэмдэг байгаагүй аж. "Үүнийг хараад би маш их түгшсэн. Гэхдээ тэр ердийн үе шигээ л аашилж байсан" гэж Карвер ярьсан юм.
Шархадсан бугын гэрэл зураг өнгөрсөн долоо хоногт цахим ертөнцөд тарсны дараа байгаль хамгаалах ажилтнууд сумыг авахгүй байхыг зөвлөж, халдвар үүсэх вий гэж болгоомжил байсан. Тэгвэл Онтариогийн Байгалийн нөөц, ойн яамны ажилтнууд уг гэмтэл цаашид хүндрэх эрсдэлтэй гэж үзэн, сумыг авах шийдвэр гаргажээ.
Алслагдсан Кенора хотын багийн хэн нь ч ийм мэс ажилбар хийж байгаагүй тул хоёр мянган км-ийн цаадах Оттавагаас туршлагатай малын эмч утсаар зааварчилгаа өгсөн байна. Эцэст нь сумыг ямар ч цус алдалтгүйгээр сугалан авсан бөгөөд албаныхан "Лууван"-г бүрэн эдгэрнэ гэсэн өөдрөг үзэлтэй байгаа аж.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.