Улсын онцгой комисс болон Засгийн газраас Нийслэл Улаанбаатар хотод нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан уг шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар НОК-оос мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:
Засгийн газар, УОК-ын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд ямар арга хэмжээ авах болсныг товч танилцуулъя. Маргааш өглөөнөөс эхлэн
· Нэр заасан 15 чиг үүргийн байгууллагаас бусад байгууллага аж ахуйн нэгжүүд ажиллахгүй.
· Хүнсний худалдаа 07.00-21.00 цаг хүртэлх хугацаанд ажиллана.
· Хөл хорионы хугацаанд 18 градусаас доош хатуулагтай архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг зөвшөөрнө. Яагаад зөвшөөрсөн бэ гэхээр өмнөх хөл хорионы дэглэм үргэлжлэх хугацаанд иргэд бага хатуулагтай согтууруулах ундааг худалдан борлуулахгүй байна гэж их бухимдаж байгаа нь анзаарагдсан. Мөн тас хориглосноос үүдэлтэйгээр иргэд хууль бусаар согтууруулах ундаа худалдан борлуулах зөрчил олноор гарсан. Түүгээр ч зогсохгүй стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн хэрэглэж амь нас нь хохирсон тохиолдол гарсан. Энэ алдааг давтахгүйн тулд ингэж шийдвэрлэсэн.
· Автобусаар зорчиж буй иргэд бэлэн мөнгөөр үйлчлүүлж болохгүй. Жолоочид бэлэн мөнгө өгөхийг хатуу хориглоно.
· Хувийн автомашинаараа зорчих QR кодыг 23900 автомашинд өмнө нь олгож байсан. Энэ кодыг өмнөх олголтоос өөр загвар хийцтэй болгосон тул smartcar.mn хаягаар нэвтрэн орж хэвлээд замын хөдөлгөөндөө оролцож болно. Хуучин QR код хүчингүй.
· Төрийн байгууллагууд нийт ажилтныхаа 85 хувиас доошгүйг гэрээсээ ажиллах чиглэл өгнө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.