Ардчилсан намын X их хурал өнөөдөр нээлтээ хийсэн. Үндсэн дүрмийн шинэчлэлээ хийх нь тус их хурлын гол зорилго юм. АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваантай ярилцлаа.
АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан:
-Энэ удаагийн хурлын гол онцлог нь том хэмжээний хурал анх удаа цахимаар болж байна. Хурлын гол зорилго нь намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг батлах байгаа. Мөн, Монгол улсад үүсээд байгаа нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн уриалга гаргана.
Манай нам хоёр томоохон сонгуульд ялагдсан. Шинэчлэгдэх гэхээсээ эрс өөрчлөлт хэрэгтэй байгаа. Зах зухаас нь хэлэхэд, намын шат шатны удирдлагыг сонгохдоо сунгаа буюу санал хураалтаар шийддэг байсан. Энэ бол Английн консерватор намаас авсан зүйл. Гэтэл энэ маань бодит хөрсөнд буухаараа намын гишүүдийг хагалан буталдаг, эв нэгдэлгүй болгож байгаа. Иймд их хурлаар батлах дүрмийн өөрчлөлт ялалтад хөтлөх өөрчлөлт болно гэдэгт эргэлзэхгүй байна.
-Намын дүрмээс болж хоёр удаагийн сонгуульд амжилтгүй оролцсон гэж үзэж байна уу?
-Спорт дүрэмтэй байдаг шиг дүрмээс маш олон зүйл хамаардаг. Ялагдлын тодорхой хэсэг нь дүрмээс хамаарсан. Дүрмээ дагахгүй бол мянган сайн дүрэм байгаад ч нэмэргүй.
-АН-ын дарга асан С.Эрдэнэ энэхүү их хурлыг хууль бус гэж хэлсэн тухайд?
-УДШ-ээр баталсан дүрмийн дагуу их хурал хуралдаж байгаа. Ямар ч хууль бус зүйл байхгүй. Ардчилсан намын 1400 төлөөлөгч бүх аймаг, сумаас төлөөллөө сонгоод явж байна.
-Таныг үүрэг гүйцэтгэгчээр ажиллах ёсгүй. Үгүй бол би намын дарга хэвээр байгаа гэж С.Эрдэнэ мэдэгдээд байгаа?
-Шинэ дарга сонгогдтол дэд дарга нарын нэг нь үүрэг гүйцэтгэдэг. Энэ дүрмийн дагуу явж байгаа. Би хариуцлага хүлээх ёстой хүмүүсийн нэг гэдэг нь үнэн. Гэхдээ санаа зовох зүйлгүй. Их хурлаар үндсэн дүрмийн өөрчлөлт батлагдаад, УДШ бүртгэсний дараа би намын шинэ даргад тамга тэмдгээ цэнхэр хадган дээр тавиад ёслол төгөлдөр хүлээлгэн өгнө. Дүрмийн хаалтаар би даргад нэр дэвших эрхгүй.
-АН-аас Ерөнхийлөгчид хэн нэр дэвших вэ?
-АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших өндөр магадлалтай байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.