Азийн Хөгжлийн Банк (АХБ)-аас гишүүн орнууддаа вакцин авахад нь дэмжлэх болох үүднээс есөн тэрбум ам.долларын төсөвтэй АПВАКС хөтөлбөрөө өнөөдөр эхлүүлжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд хөгжиж буй гишүүн орнууддаа коронавируст халдварын эсрэг үр дүнтэй, аюулгүй вакцин худалдан авч, иргэдээ дархлаажуулахад нь түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй дэмжлэг үзүүлэх юм.
Ази, Номхон далайн бүс нутагт коронавирусийн 14.3 сая гаруй иргэн коронавирусийн халдвар авснаас 200,000 гаруй хүн нас барсан байна. Цар тахал даамжирснаас Ази тивийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2020 онд 0.4 хувиар агших төлөвтэй байгаа нь 1960-аад оны эхэн үеэс хойш дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт тус бүс нутагт агшиж буй анхны тохиолдол болох юм.
АПВАКС хөтөлбөр нь хоёр нэмэлт бүрэлдэхүүн хэсгээрээ дамжуулан Ази тивийн хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болох цогц бүтэц, хөрөнгө нөөцийг олгох юм.
Төслийн хөрөнгө оруулалтын бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд вакциныг амжилттай түгээх, хүргэх, вакцинжуулалтыг зохион байгуулах тогтолцоонд хөрөнгө оруулахын зэрэгцээ чадавхи бэхжүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах, тандалтын үр дүнг нэмэгдүүлэх зэрэгт чиглэсэн дагалдах хөрөнгө оруулалтыг мөн хийх юм байна. Үүнд хүйтэн хэлхээ бүхий агуулах байгууламж ба тээвэрлэлт, тээврийн хэрэгсэл, түгээлтийн дэд бүтэц, боловсруулах байгууламж болон бусад биет хөрөнгө оруулалт багтжээ.
АПВАКС хөтөлбөр нь аюулгүй, үр дүнтэй вакцинд шударгаар хамрагдах боломжийг дэмжинэ. Хөтөлбөрийн санхүүжилтэд хамрагдахын тулд тухайн вакцин нь дараах гурван шалгуурын аль нэгийг хангасан байх ёстой.
Үүнд:
КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан худалдан авч буй байх, ДЭМБ-ын урьдчилсан шаардлагыг хангасан байх, эсвэл өндөр шаардлагатай улсын зохицуулалтын эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байх ёстой юм.
Хөгжиж буй гишүүн улс нь вакцинжуулалтын хэрэгцээний үнэлгээ, вакцин хуваарилах төлөвлөгөө гаргасан байх, хөгжлийн түншүүдийн үр дүнтэй зохицуулалтын механизмыг хангасан байх нэмэлт шалгуурууд тавигдсанаар АПВАКС хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.
АХБ мөн хөгжиж буй гишүүн орнуудынхаа аюулгүй, үр дүнтэй вакцин худалдан авах, түгээлт болон вакцинжуулалтад хэрэгцээтэй бараа материалыг татах хүчин чармайлтыг дэмжих зорилгоор 500 сая ам.долларын Вакцин импортлох хөтөлбөрийг эхлүүлжээ. Энэхүү хөтөлбөр нь АХБ-ны Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээг санхүүжүүлэх хөтөлбөрийн нэг хэсэг болно.
Мөн энэ оны 11 дүгээр сард, АХБ Ази, Номхон далайн бүс нутагт вакциныг үр ашигтай, тэгш түгээх боломжийг бүрдүүлэх тогтолцоог бий болгох зорилгоор 20.3 сая ам.долларын нэмэлт техникийн туслалцаа үзүүлэх болсноо зарласан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.