Энэ сарын 14-нд буюу даваа гарагаас 34 салбарын үйл ажиллагааг нээхээр болсон ч уг жагсаалтад үсчин, гоо сайхан, архив, ном, бичиг хэргийн дэлгүүр зэрэг худалдаа үйлчилгээний салбарыг багтаагүйд иргэд болон тус салбарынхан гомдолтой байгаагаа илэрхийлж байна.
Дээрх 34 салбар дотор гэрэл зургийн газар, цүнх захиалга засвар хүртэл орсон мөртлөө иргэдийн хамгийн их хэрэгцээтэй номын дэлгүүр, бичиг хэргийн дэлгүүр, үсчин, гоо сайхны салбар багтаагүй ажээ. Иргэдийн дунд олон нийтийн бөөгнөрөл үүсэхгүй салбарт мөртлөө ямар учраас нээгээгүйг гайхаж байна. Тэгвэл дээрх салбарт ажилладаг хүмүүсийн байр суурийг тодрууллаа.
Монголын Залуу үсчин, гоо сайханчдын холбооны тэргүүн Б.Дөлгөөн: Энэ сарын 14-нд үсчин, гоо сайхны салбарыг нээнэ гэсэн хүлээлттэй байсан. Бүх салбар хүнд байдал байгаа. Монголын Залуу үсчин, гоо сайханчдын холбоонд хотын захаар үйл ажиллагаа явуулдаг үсчин, гоо сайханчид хамрагддаг. Эдгээр иргэдийн хувьд өдөр, өдрийн орлогоороо амьдралаа залгуулдаг байсан. Нэг сарын хугацаанд тэг зогсолт хийлээ. Цаашаа манай салбар тэснэ гэдэг ойлголт байхгүй. Үсчид маш их бухимдалтай байна. Энэ бол буруу шийдвэр гэж харж байгаа.
“Интерном” номын дэлгүүрийн маркетинг хариуцсан менежер Э.Мөнхзагар: Кофе шоф, ресторан нээсэн мөртлөө номын дэлгүүр нээгээгүйд гомдолтой байгаа. Кофе шофоор үйлчлүүлж байгаа иргэд амны хаалт, бээлийгээ авч таарна. Номын дэлгүүрт бол зайгаа аваад үйлчлүүлэх боломжтой. Гэтэл номын дэлгүүрийг нээсэнгүй. Номын дэлгүүрт бөөгнөрөл үүсэх нь бага. Цар тахлын үед олон улсад номын худалдаа 60 хувиар нэмэгдсэн. Манай улс тэг зогсолттой байна. Энэ сарын 1-нээс онлайн хүргэлт хийж эхэлсэн ч борлуулалт бол тийм ч өндөр биш байна. Иргэдийн хувьд номын дэлгүүр нээх хүсэлтийг удаа дараа ирүүлж байгаа.
Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн захирал Д.Индра: Номын сангийн нэг номын өдөрт 2-3 хүн хэрэглэх боломжтой. Цаашлаад халдвар тархах хамгийн эрсдэлтэй газар учир номын санг одоогоор бол нээхгүй. Халдвар гарсан тул ном ариутгагч, тоос сорогч төхөөрөмж зайлшгүй худалдан авах хэрэгцээ гарч байна. Иймд 2021 оны төсөвтөө дээрх тоног төхөөрөмжийг номын сангийн дөрвөн салбартаа худалдан авахаар судалж, төлөвлөж байна.
Дээрх салбарын ажилчид Улсын онцгой комиссыг гаргасан шийдвэрээ эргэн харахыг хүсэж байна. Тэдний хувьд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллах боломжтой гэдгээ дурдаж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.