Гашуун сухайн боомт дээр ажиллаж буй 6000 жолоочийн эрх маш ноцтой зөрчигдөж байгаа талаар “Баян зам” тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү ярилцлага өглөө.
“Баян зам” тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү:
Гашуун сухайт боомтод нүүрс тээвэрт ажиллаж буй жолооч нар маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Манайхаас өөр оронд бол хүний эрхийн үндэсний комисс нь очоод жолооч нарын эрх нь ноцтой зөрчигдөж байнаа гэдэг зөвлөмж, шаардлага гаргаад шийдвэрлүүлэх байсан байх. Харин манайд тэгдэггүй.
БНХАУ-ын тал нүүрс ачсан 100 машиныг л өдөрт оруулж байна. Үүнээс болоод тухайн боомтыг тойроод зогсож байгаа 5000 жолооч хэзээ хил гарч нүүрсээ оруулах вэ гэдэг асуудал гарч байна. БНХАУ-ын тал манай улсын коронавирусийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс өдөрт 100 хүн БНХАУ-ын хил гарч хамар руугаа хатгуулаад буцаан орж ирдэг. Тэгээд шинжилгээний хариу нь сөрөг гарвал машинаа унаад хил гарч байна. Тэнд хил гарахаар дугаарлан зогсож буй жолооч нарын асуудлыг Монгол Улсын Засгийн газар тоохгүй байна. Нэг жолооч бүтэн сар дугаарлан хүлээж байж хил давж нүүрсээ буулгаж байна. Нэгэнт гаальтай ачаа аччихсан хүн машинаа хаяад явж болдоггүй. Тэнд машиндаа гиюүрээд л сууж байна. Түүнчлэн хилийн боомт дээр бүх юмны үнэ гурав дахин өндөр үнэтэй байдаг учраас жолооч нар санхүүгийн хямралд орж байна. Түүнчлэн дугаарлаж байгаа жолооч нар түлшний хямралд ороод байгаа. Хөлдөж үхэхгүйн тулд машинаа асааж паараа халаах ёстой биз дээ. Гэтэл тухайн түлшийг нь хариуцаж өгөх эзэн байдаггүй.
Жолооч нарын асуудлыг огт тоодоггүй агаараас хардаг нэг хэсэг байна, мэдсээр байж тоодоггүй дарга нар ч байна. Хил дээр мянгахан жолооч л байгаа юм билээ ш дээ гэж хэлдэг, ярьдаг. Нүүрс тээврийн салбар ямар ч эзэнгүй байна үнэндээ. Тэнд яваа жолооч нарыг гааль, мэргэжлийн хяналт, автотээвэр зэрэг байгууллагуудын байцаагч дарамтлан шалгаад байх атлаа хэн нь ч жолооч нарынхаа асуудлыг шийдэх ажлыг хийдэггүй.
Нүүрс тээвэрт явж буй жолооч нар ихэнхдээ гурваас дээш ам бүл тэжээдэг, дээр нь бүгд банк, санхүү, ипотекийн зээлтэй байдаг. Тийм учраас тэдгээр хүмүүс энэ хүнд ажлаа хаяад явчихаж чаддаггүй. Өвлийн хүйтэнд хөлдүү машинд нэг сар сууж, дугаарлаж байж нөгөө сая төгрөгийн цалингаа авах учраас цалиндаа барьцаалагдаад байцгааж байна.
Мөн уртын тээвэрт явдаг жолооч нарын үнэлгээ маш муу байдаг. Өмнө нь 50-хан юаны үнэтэй байхад нь Эрдэнэс-Тавантолгой компанийн удирдлагууд хөөцөлдөж байгаад 80 болгосон юм. Гэтэл сая БНХАУ-ын “Чалко” компаниас тухайн үнэлгээг чинь 65 болгосон шүү. Гэрээний нэмэлт дээр гарын үсгээ зураарай гэсэн чат ирүүлсэн. Энэ асуудлыг эсэргүүцэж жолооч нар маань тээврээ зогсооно гэж эсэргүүцэл үзүүлсэн.
Дүгнэж хэлэхэд нүүрс тээвэрт явж буй жолооч нарын эрх маш ноцтойгоор зөрчигдсөөр байхад төрийн байгууллагууд тоохгүй байна. Эхнээсээ маш буруу зохион байгуулалттай эхэлсэн нүүрс тээврийн асуудал хоорондоо уялдаа холбоогүй төрийн байгууллагуудын шийдвэр дунд хавчигдан зовж байна.
Нүүрс тээврийн жолооч нарын хөдөлмөрийн үр шим, ашгийг олборлогч нар, худалдан авагчид, түүнээс татвар хураамж авч буй Засгийн газар л хүртдэг. Харин жинхэнэ хүнд хэцүүг хийж буй жолооч нарыг хэн нь ч тоохгүй байгаад харамсаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.