БЗД-ийн 16-р хорооны 41-р байранд коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор хөл хорио тогтоогоод зургаа хонож байгаа аж. Хүнс, тэжээлгүй болсон, эмнэлгийн үйлчилгээ авах шаардлагатай иргэд манайд хандсаны дагуу газар дээрээс нь сурвалжиллаа. Тус хорооны Засаг дарга С.Ганчимэг болон тус байрны оршин суугч нар ийн ярьж байна.
БЗД-ийн 16-р хорооны Засаг дарга С.Ганчимэг:
-Манай хороо 23 000 оршин суугчтай. Энэхүү 41-р байр 81 өрх, 370 орчим оршин суугчтай. Тус байранд байр түрээсэлж байсан 18 настай залуугаас 11 сарын 28-ны өглөө халдвар илэрсэнтэй холбоотойгоор зургаа хоногийн өмнө хөл хорио тогтоогоод байна. Гэхдээ бас тус байранд байхдаа халдвар авсан нь мэдэгддэггүй. Найм хоног явж байгаад ирэхэд халдвар илэрсэн гэдэг. ЭМЯ-ны 11 цагийн мэдээллээр манай байрны талаар юу ч мэдээлэхгүй байна.
Гэнэтийн ийм зүйлээс болоод манай оршин суугчид маш хүнд байдалд ороод байна. Бид нар дундын фб групптэй. Иргэд хоол хүнсгүй болж байна. Ургийн гажгаа үзүүлэх хугацаа болчихлоо. Хүүхэд өвдлөө. Настай ээжийгээ эмнэлэгт үзүүлмээр байна гэхчлэн над руу бичиж байна. Би оршин суугчдынхаа өмнөөс ЭМЯ, УОК руу ярьж байгаа ч ямар ч тодорхой мэдээлэл авч чадахгүй байна. Төр засгийнхаа ажлыг би муулах гэж байгаа юм биш. Төрийн байгууллагууд маань уялдаа холбоо, зохион байгуулалтгүй байна. УЗН-ийн тусламж бүтэн сайнд ирнэ гэсэн. Тэр болтол иргэд яаж тэсэх вэ?
41-р байрны оршин суугч:
-29-ний өглөө цагдаагийн хамгаалалт гарчихсан биднийг хааш нь ч гаргахгүй гэсэн. Хувь хүний асуудал учир хэн өвдсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. Манай байранд эмнэлгийн тусламж авах шаардлагатай иргэд байна. Тэд Түргэн рүү залгахаар "Халдвартай газар руу очихгүй" гээд байна. Зарим иргэд хүнсгүй болж байна. Байрны доор байдаг дэлгүүр өчигдөр 20-22 цагийн хооронд ажилласан. 4-5 хоногийн хүнс базааж авлаа. Үүнээс цаашилбал яахыг хэлж мэдэхгүй байна.
Гадаа байгаа машин тэргэндээ санаа зовж байна. Захаас нь хулгай хийгээд эхэлсэн байна гэсэн. Бид нар даваа гарагт эхний шинжилгээгээ өгсөн. Бүгд сөрөг гарсан гэсэн. Дахин хэзээ шинжилгээ авах, хэзээ хөл хорио тавигдах талаарх мэдээллийг хэн ч өгөхгүй байна. Бид ажил төрөлдөө явж чадахгүй, ямар ч орлогогүй болчихоод байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
эмя угаасаа байрны дугаар хэлдэггүй ш дэ.
Барааны дэлгүүр барилгын материалын дэлгүүр .захаа нээгээчэээ