Хот хоорондын нийтийн тээврийн тусгай үүргийн тээвэрлэлт өнөөдөр 08:00 цагаас эхэллээ. 2020.11.30-ны өдөр 21 цэгт нийт 10222 хүн шинжилгээ өгч өссөн дүнгээр 20500 хүн хоёр өдөр шинжилгээ өгсөн байна.
Хувийн автомашинаар гарах иргэд 06:00 цагаас эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөнд оролцож байгаа.
Нийтийн тээврээр зорчих хүсэлтэй иргэдийн тоо одоогийн байдлаар 14 аймагт 130 автобусаар 5200 иргэн байна. Өнөөдрийн 12:00 цагийн байдлаар 7 чиглэлд 18 тээврийн хэрэгслээр 566 зорчигч УБ-аас орон нутаг, орон нутгаас УБ чиглэлд зорчиж байна.
Хот хооронд зорчих хүсэлтээ иргэд Драгон, Тэнгэр плаза, Лавай гэсэн гурван газруудаас хөдөлж байгаа.
Манай сурвалжлах баг Драгон авто вокзалын нөхцөл байдлыг сурвалжиллаа. Цагдаагийн албан хаагч нар иргэдийг хоёр метрийн зай барихыг шаардаж байгаа юм.
Учир нь орон нутаг руу зорчих иргэд авто вокзал руу орохгүй гадаа дугаарлан шинжилгээний бичиг, онлайнаар захиалсан тасалбар, иргэний үнэмлэхээ үзүүлэн автобусдаа сууж байгаа. Баян-Өлгий аймаг руу 12:00 цагт автобус хөдөлнө гэсэн ч маш их дараалалттай байгааг иргэд шүүмжилж байв.
Авто тээврийн үндэсний төвийн ХУХ-ын дарга К.Айдос “Одоогийн байдлаар Баянхонгор аймаг руу 10:00 цагт нийт таван автобус 143 зорчигч тээвэрлэж явсан. Баян-Өлгий аймаг руу 12:00 цагт, Увс аймаг руу 14:00, Ховд аймаг руу 16:00 цагт хот хоорондын автобус зорчино. Нэг автобусанд 40 хүн зорчиж байгаа дөрвөн суудлыг нөөцөд үлдээсэн. Иргэдийн хувьд амны хаалт, бээлий, ариутгагч бодисоо гар дор авч явахыг зөвлөж байна. Түүнчлэн замдаа идэх хоол, ундаа авч явахыг сануулж байгаа. Хот хоорондын автобусны жолооч нар шинжилгээнд хамрагдсан. 48 цагийн дараа дахин шинжилгээнд хамруулна. Орон нутаг руу зорчсон иргэд өөрсдийгөө 14 хоног тусгаарлах ёстой. Ингээд 14 хоногийн дараа дахин орон нутагтаа шинжилгээ өгнө. Авто тээврийн үндэсний төв өдөртөө 10 мянган иргэнийг тээвэрлэхээр төлөвлөсөн. Автобус болон жолооч нарын хүрэлцээ байгаа” гэдгийг дурдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.