СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-11-29

LIVE: Я.Содбаатар: Засгийн газраас 18 чиг үүргийн байгууллагыг ажиллуулах шийдвэр гаргасан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Улс орон даяар тогтоогоод байгаа бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10-14 үргэлжлүүлэх тухай УОК-ын саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж хэрхэн шийдвэрлэсэн талаараа мэдээлэл хийлээ.

Шадар сайд Я.Содбаатар:

Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш эрдэм судлаачдын гаргасан зөвлөмжийн дагуу коронавирусийн халдвар авсан иргэдийг илрүүлэх ажлыг идэвхтэй зохион байгууллаа. Засгийн газрынхаа шийдвэрийг ард иргэд маань дэмжиж ажилласанд баяртай байна. PCR шинжилгээнд 150 мянга гаруй хүнийг, түргэвчилсэн шинжилгээнд 166 мянган хүнийг нийтдээ 330 гаруй мянган хүнийг хамруулах ажлыг хийсэн. Ингэснээр өвчний тархалтыг 10 дахин бууруулсан гэдэг судалгаа гарсан. Бид зарим газруудад 0 зогсолт хийж шуурхай арга хэмжээг авч чадаагүй бол халдвартай хүний тоо 3400 орчимд хүрэх байсан гэдэг тооцооллыг эрдэмтэд хийсэн байна.

Дархан-Уул аймагт халдварын шинжилгээг нэг өрхөөс нэг хүн гэдэг байдлаар бүрэн авч дууссан. Төмөр зам дагасан голомт үүссэн учраас УБТЗ-ийн 15,800 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж дууссан. Улирлын томууны дэгдэлт яг энэ цаг үед идэвхждэг. Томуу өвчин туссан бүх хүнийг коронавирусийн шинжилгээнд бүрэн хамруулсан. Коронавирус илэрсэн сум орон нутаг, орон сууцны хорооллын бүх хүнийг шинжилгээнд хамруулах ажлыг амжилттай хийж дуусгасан.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийгмийн хамгааллын бүх тусламж үйлчилгээг цаг тухайд нь хүргэж чадсан. Одоо бид бүхэн коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, гарсан голомтыг бүрэн хяналтад авах, өвчний зураглалыг гаргах ажлууд хүлээгдэж байна.

Бид дахиад 14 хоног бүх нийтийн бүрэн байдлын дэглэмээ үргэлжлүүлэх ёстой гэдэг саналыг УОК-оос ирүүлсэн. Энэ саналыг бүх салбарын эрдэмтдийн саналыг авч хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.

Засгийн газраас улс хэмжээнд бүх нийтийн байдлыг цуцалж, хэсэгчилсэн байдлаар үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Арванхоёрдугаар сарын 01-16-ны хооронд Нийслэл, Архангай, Сэлэнгэд аймагт гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин бусад бүс нутгуудад гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг бүхий аймаг сумдуудын удирдлагууд автомашины хөдөлгөөнийг тодорхой түвшинд хязгаарлах эрхтэй.

Урлаг соёл, олон нийтийн бүх арга хэмжээг зохион байгуулахыг өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хориотой.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг зарласан бүс нутгуудад 18 чиг үүргийн байгууллагууд ажиллаж болно. Үүнд:

1.       Эрчим хүч хангах үйл ажиллагаа

2.       Хүнсний үйлдвэр

3.       Газрын тос, түлш

4.       Хот суурин, ариутгал татуурга

5.       Эмнэлгийн байгууллага, эмийн худалдаа

6.       Банк санхүү, хөрөнгийн бирж

7.       Хэвлэл мэдээлэл, шуудан, харилцаа холбоо

8.       Улсын онц чухал обектууд

9.       Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл

10.   Гоо сайхны үйлдвэрлэл

11.   Арьс шир, боловсруулах үйлдвэр

12.   Хэвлэх үйлдвэр, сав баглаа боодол

13.   Модон эдлэл барилгын үйл ажиллагаа

14.   Нутгийн өөрөө удирдах, хууль тогтоох байгууллага, төрийн байгууллага

15.   Тусгай чиг үүргийн байгууллагууд

16.   Шүүх, прокурор, өмгөөлөл

17.   Хүргэлт түгээлтийн үйл ажиллагаа

18.   Оршуулгын үйл ажиллагаа

Хөл хорионы дэглэм олон айлын орлогод нөлөөлж байгаа. Дэлхий нийт энэ өвчний эсрэг тууштай тэмцэж байгаа тул Засгийн газраас гаргасан шийдвэрийг ард иргэд маань дэмжин ажиллана гэдэгт итгэж байна. Өвчний голомтоо бид бүхэн тодорхой хэмжээнд хумьж чадсан. Цаашид улам сайн барьж, дарж авах шаардлагатай байна.

Олон аж ахуйн нэгж хүү торгууль, түрээсийн дарамтад орж байгааг ойлгож байна. Хэрвээ  ингэж дарж авахгүй бол ирэх долоо хоногт нийслэлд өдөрт 15-аас тоошгүй халдвар илэрч улам хатуу хөл хорио тогтоох шаардлага бий болох учраас түүнээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагынхаа үгийг зөвлөмжийг дагаж Засгийн газар шийдвэрээ гаргасан юм шүү.

-Маргаашнаас үсчин, цайны газрууд ажиллана гэж ойлгож болох уу?

-Худалдаа үйлчилгээний салбарыг нээгээгүй. Үсчин гоо сайхан ажиллахгүй. Боловсруулах үйлдвэр харин ажиллаж болно. Ялангуяа экспортод чиглэсэн үйлдвэрүүдээ нээнэ. Таны асуусан газрууд ажиллах боломжгүй. Үйлчилгээний салбаруудыг үе шаттай нээнэ.

-Хөдөө орон нутгийн иргэд маргаашнаас нутаг буцаж эхэлнэ. Архангай зэрэг аймгийн иргэд буцаж болох юм уу?

-Архангай аймгийн 7181 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаж бүртгүүлсэн. Архангай аймагт сэжиг бүхий хоёр сум байгаа. Тиймээс Архангай аймаг руу явах хүмүүсийг түр хойшлуулсан. Улаанбаатараас нутаг буцах хүсэлт гаргасан 91 мянган хүн байгаа. Тиймээс эрсдэлтэй газруудаа түр хойш тавиад эрсдэл багатай газруудаа явуулж эхэлнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.