ХӨСҮТ:
11 дүгээр сарын 22-ны 17 цагийн байдлаар Монгол улсад коронавирусийн халдвар 629 болж нэмэгджээ. Дорноговь, Говьсүмбэр, Улаанбаатар хотод шинэ тохиолдол бүртгэгдээгүй.
Өнөөдөр 11 цагаас хойш Сэлэнгэ аймагт 11 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр тус аймагт нийт 96 тохиолдол илрээд байна. Сэлэнгэ аймагт хоёр том голомт байгаагийн нэг нь Мандал сум юм. Тус аймагт халдвартай иргэдийн хавьтлуудаас батлагдсан тохиолдлуудыг илрүүлж байна.
Өнгөрсөн 10 гаруй хоногийн хугацаанд нэгдүгээр хавьтлын 800 гаруй, хоёрдагч хавьтлын 7,500 гаруй хүнийг улс даяар илрүүлэн ажиллаж байна. Батлагдсан тохиолдол нэмэгдэх тутамд ойрын хавьтлуудын тоо нэмэгддэг.
Сэлэнгэ аймагт илрүүлсэн ойрын хавьтлуудаас шинжилгээ авч, халдварыг илрүүлэх явц маш сайн явагдаж байна гэж үзэж байгаа. Тиймээс бид эрт илрүүлэх, тусгаарлах, цар тахлын голомтыг олох ажлыг шуурхай авч байна.
ХӨСҮТ-д өвчтөнтэй ажиллах 13-14 баг байдаг. Бидэнд 400 орыг ашиглах нөөцтэй байна. Эмч мэргэжилтнүүдийн нөөц ч мөн хангалттай байгаа гэж үзсэн. Эмч нар ХӨСҮТ-д 14 хоног ажиллаад, үргэлжлүүлэн 14 хоног ажиглалт, тусгаарлалтын байранд байрлан 28 хоногийн дараа гэртээ харьдаг.
ДЭМБ-ын судалгаагаар коронавирус гадаад орчинд 3-72 цаг амьд байдаг боловч манай орны хувьд гадаа хүйтэн байгаа учир коронавирус амьдарч чадахгүй. Тиймээс зөвхөн дотоод орчинд коронавирус амьдарч, халдварлаж байгаа тул дотоод орчны ариун цэвэр, эрүүл ахуйн дүрэм журмыг баримтлах шаардлагатай байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.