Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцсэн асуудал, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЗГХМХХ-ийн дарга Ц.Ганзориг: Бүх нийтийн хөл хорионы үр дүн, мэргэжлийн байгууллагуудын ажлын үр дүнгээс хамаарч дараах шийдвэр гарч байна. Нийтийн тээвэр энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00 цагийн хооронд үйлчилнэ. Хөл хорионы дэглэмийг сулруулж байна гэж огт ойлгож болохгүй. Цар тахлыг хумисан тохиолдолд энгийн горим руу шилжинэ. Энгийн горим руу шилжих 2-3 төлөвлөгөөг боловсруулж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: Засгийн газрын тогтоолд заасан 11 чиг үүргийн 13 төрлийн байгууллагын иргэдэд үйлчлэхэд нийтийн тээврийн хэрэгсэл хүрэлцэхгүй байсан. Энэ хүмүүст зориулж нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг нээж байна. Нийтийн тээврээр өдөрт 500 мянган хүн үйлчлүүлж байсан. Яг одоогоор 50,000 гаруй иргэнд үйлчлэх шаардлага үүссэн. Аль болох өвчин халдварлах нөхцөлийг бууруулах зорилгыг бид эрхэм болгосон.
Хүнсний хангамжийн 5000 гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлж, дуусаад цагдаагийн байгууллагад QR кодыг бүртгэлийг өгсөн. Жижиглэнгийн худалдаа эрхэлдэг 10 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэх ажлыг ойрын хугацаанд хийнэ. Хүнсний түгээлтийг 07:00-17:00 цагт хийнэ. Шөнийн түгээлт 60 хувийн амжилттай байсан нь бид нарын дотоодын ажлын уялдаанаас болж, 40 хувьд хэрэгжиж чадаагүй. Өнөөдрийн гаргасан шийдвэр бол албан хаагч нар, хүнсний үйлдвэрт ажиллаж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангаж, тодорхой хэмжээний арга хэмжээг сулруулж байгаа юм.
Энэ үеэр коронавирусийн халдварын зураглалыг бүрэн хийсэн талаар хэлсэн бөгөөд хөл хорионы дэглэм сахиагүй бол ямар үр дүн гарах байсан талаарх судалгааг Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д.Нарантуяа танилцууллаа.
Тэрбээр “Коронавирус хүндэрсэн үедээ амьсгалын замын хүндрэлийг үүсгэж, олон системийг доголдуулдаг. Ийм учраас хөл хорионы дэглэмийг хатуу барих нь зөв гэж үзэж байна.
Хэрвээ хатуу хөл хорио тогтоогоогүй бол долоо хоногийн дараа 555, цаашлаад халдвар авах хүний тоо 2,000 орчим болж өсөх хандлагатай байх тандалт хийсэн. Манай улсын хүн амын 4 хувь нь ямар нэгэн халдварт өвчнөөр өвдөх эрсдэлгүй гэсэн судалгаа гарсан.
Ихэнх хувь нь халдварт өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэсэн үг. 11 хоногийн хөл хорионы үеэр лабораторийн шинжилгээг 110 мянган хүнд хийлээ. 18 цэгт 25,644 хүнд тандалт байдлаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн.
Батлагдсан тохиолдол болох 146 хүний ойрын хавьтал болох 700 хүнийг бүрэн шинжилгээнд хамрууллаа. Хоёр дахь хавьтлуудад шинжилгээ хийгээд явж байна. Одоогоор бид тандалтын зураглалтай болсон учраас хөл хориог тодорхой байдлаар багасгаж болно гэсэн зөвлөгөөг эрдэмтдийн зүгээс өгч байна” гэлээ.
ЗГХМХХ-ийн дарга Ц.Ганзориг "Энэхүү судалгаагаар, хэрэв хөл хорио тогтоох арга хэмжээ аваагүй бол өнөөдөр 140 гараад байгаа дотоодын халдварын тоо 650-700-д хүрсэн байх байсныг тогтоосон" хэмээн тодотголоо.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: Хөдөө орон нутгаас ирээд Улаанбаатарт гацсан хүмүүсийг шинжилгээнд хамруулах ажлын төлөвлөгөө боловсруулж байна. Иргэд шинжилгээ өгөөд орон нутаг руугаа зорчих боломж бүрдсэн ч тухайн орон нутагт хэрхэн хөл хорионд байлгах вэ гэдэг асуудал УОК яригдаж байна. Иргэдийн зорчих хөдөлгөөнийг хянахын тулд иргэний үнэмлэхний QR кодыг очсон газар болгонд бүртгэжүүлнэ. Иймд иргэд маань иргэний үнэмлэхээ авч явах хэрэгтэй болж байна.